A Genre of "Word" in Mongolian Literature
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлагын 2021 оны 3 дугаар сарын 17-ны дугаарт Төрийн өмчит Улаанбаатар Их Сургуулийн багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Хургаагийн СҮГЛЭГМАА уригдаж, “МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ “ҮГ” ЗОХИОЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ” сэдвээр цахим лекц уншлаа.Лекцийн эхний хэсэгт тэрээр монголын уран зохиол дахь “Үг” зохиол, түүнийг судалсан эрдэмтэд, өрнө болон дорно дахин дахь үг зохиолын зүйлс, монголд уг төрөл хөгжиж ирсэн түүхийг ярилаа. Х. Сүглэгмаа багшийн лекцийн агуулгыг товчлон хүргэвэл,
• Үг зохиолын дотор “Үг”, “Яриа”, “хэлсэн нь” гэсэн үгүүдээр гарчигласан, “Хүн ба адгуус амьтан, амьгүй эд юмсын хоорондох яриа, мэтгэлцээний журмаар ертөнцийн аливаа үзэгдэл, эд юмсын мөн чанар, жам ёсыг нээн харуулахыг зорьсон” зохиолууд багтдаг.
• Үг зохиолын төрөл зүйл нь Визант, Баруун Европын орнууд, Оросод, харин дорно дахинд Араб, Хятад, Солонгос, Монгол, Вьетнам зэрэг улсуудад дэлгэрч иржээ.
• Византын уран зохиолын дотор “Илжиг, чоно, үнэг гурвын хүндэт хүүрнэл”, “Хүндэт илжигний цадиг оршвой”, “Үрийн үг” зэрэг зохиолууд бий. Тухайлбал, “Үрийн үг” зохиолд, үр жимснүүд хоорондоо хүний хэлээр мэтгэлцэж байдаг.
• Оросод бол “Игорын хорооны цэрэглэсэн тууж” зэргийг үг зохиол мөн гэж манай судлаачид үзсэн байдаг. Европынхны дунд “Үг” зохиол хэмээн үздэг зохиол бол “Аргат сэргэлэн Ренар үнэгний үлгэр” бөгөөд хэдий үлгэр боловч үг зохиолын шинжүүд хадгалагдаж байдаг.
• Дорно дахинд Арабуудын дунд “Цэцэгсийн маргаан”, “Сарнай болон марциссын маргаан”, “Сэлэм бичгийн бийртэй мэтгэлцсэн нь” зэрэг, Хятадад бол хамгийн алдартай нь “Цай дарс хоёрын хэлэлцсэн үгс”, Дэн Чжи Могийн “Чавга цас хоёрын маргаан”, “Цэцэг шувууны мэтгэлцсэн үг”, “Ногоо жимсний мэтгэлцсэн үг” зэрэг зохиолууд бий. Солонгосын уран зохиолд “Тогосын тухай тууж”, Зүүн Азийн Малайчуудын дунд “Аргат сэргэлэн бугын тухай тууж” гээд Үг зохиолын шинжтэй зохиолууд байдаг.
• Үг зохиолын төрөл зүйлийг төвөд хэлээр “gtam (там)”, санскрит хэлээр “katha” хэмээн нэрлэдэг.
• Хятадын уран зохиол дахь “Цай дарс хоёрын хэлэлцсэн үг” гэхэд төвөд хэлээр орчуулагдан гарсан байдаг. Анх энэ зохиолыг XX зууны эхэн үед Дунь Хуаны номын сангаас олсон бөгөөд 970 оны орчим бичигдсэн гар бичмэл эх байжээ. Эл зохиолд цай, дарс хоёр нэг нэгийгээ гоё сайхан амт шимтэй хэмээн маргалдаж байхад ус дундуур нь орж ирэн, надгүй бол та хоёр хэрхэн бий болох вэ гэхчлэн маргааныг тасалж байдаг нь “Үг” зохиолын үндсэн шинжийг харуулж байдаг юм.
• Монголд энэ төрөл зүйлийг судлан үзвэл бидний мэдэх аман зохиолын төрөл зүйлс дотор өргөнөөр хадгалагдаж иржээ. Жишээ нь, Өнчин цагаан ботго, Бөжин туулай зэрэг ардын дуу, Эхийн цагаан сүүний харамжийн үг, Үүдэн дарлагын үг зэрэг зан үйлийн аман зохиолд байна.
• XIII зууны үеэс бичгийн уран зохиолоор дамжин уламжилж ирсэн нь, Аргасан Хорчийн домог дахь “Хорчоор дуун бариулсан үг”, МНТ дахь “Хавт Хасарын үг”, Лу. Алтан товч дахь “Аймалжин эмгэний үг” зэрэг байна.
• Үг зохиолын төрөл зүйл сонгодог хэлбэрээ олж, оргилдоо хүрсэн нь XIX-XX зуун байв. Энд Хуульч Сандагийн үүрэг маш их бөгөөд Сандаг бол “үг”-ээс өөр ямар ч төрлөөр туурвиагүй, мөн зөвхөн монгол хэлээр зохиолууд нь үлдсэн хүн юм. Хуульч Сандагийн “Хажинд орсон зээрийн хэлсэн нь”, “Ботго нь хойноос нь ингэж байгаа гэж хэлсэн үг нь”, “Хаврын хайлаад урсаж байгаа цасны хэлсэн нь”, “Авын хоморгод орсон чонын хэлсэн нь” зэрэг зохиолууд бий.
• Мөн бурханы шашны лам нарын төвөд болон монгол хэлээр бичсэн “Үг”, “Яриа” зохиолууд олон бий. Тухайлбал, Дай Гүүш Агвандампилын “Агвандампилын үг”, Эрдэнэ мэргэн бандида Агван-Ишсамбуугийн “Өнчин янзаганы үг”, Хамба Номун Хан Агванлувсанхайдавын “Бандид урт үст Цэрэнпил хэмээхийн тэмцлийн бичиг оршвой”, “Үхэр, хонь, ямаа гурвын гэлэн тойнтой хүүрнэсэн яриа” зэрэг зохиолууд бий.
• Агванлувсанхайдавын зохиолууд дотор хамгийн урт нэртэй үг зохиол болох “Сэтгэл бусдын тус ямагтыг ямар мэт үйлдэж байсны цадиг өлөг, мэдэл, төгс бус хуран үйлдэгч гурвын зөвшилдөөнөөс үүдсэн солиорлын дууриал бүжиглэлийг тодруулан үйлдэгч толь оршвой” гэдэг зохиол байдаг. Энэ зохиол 1999 оны “Лавайн эгшиг” сэтгүүлд төвөд, монгол хэлээр хэвлэгдсэн байдаг ба бие, сэтгэл, бодгал гурвыг харилцан яриулж, улмаар маргалдуулж, эцэстээ оюун ухаан эдгээр бүгдийг хазаарлан барьж тогтоох юм гэсэн утгыг үүсгэжээ.
• Монголын уран зохиол дахь энэ төрөл зүйл XX зууны эхэн үед төгсгөл болсон хэмээн ойлгодог бол андуу болно. Их зохиолч Д. Нацагдоржийн “Од”, “Сар аа”, “Нар аа”, “Нянгийн яриа”, С. Буяннэмэхийн “Том жижиг тугалган үсгийн уран хошин яриа”, Ши. Аюушийн “Өвгөн феодалын үг”, Ц. Дамдинсүрэнгийн “Хятадын хөдөлмөрчний үг”, Б. Явуулангийн “Газар дэлхийн үг”, Ц. Гайтавын “Улаан тугны үг”, Р. Чойномын “Говийн жаахан Бүжидмаагийн гуйж хэлсэн үг”, “Өвгөн хүний үг”, “Хундага өргөх үг”, “Буудуулсан шувууны ганганаан”, Д. Пүрэвдоржийн “Замын хүзүүний сэтэр үг“ гэсэн бүлэг шүлэг дэх “Амгайн үг”, “Ганзаганы үг”, “Жолооны үг”, “Чөдрийн үг” Д. Бямбаагийн “ажнай манлай азарганы хэлсэн үг”, “Аргай даргай хуцны хэлсэн үг”, “Орсон буурын хэлсэн үг” зэрэг зохиолууд бичигджээ.
• 1990-ээд оны яруу найрагчдын дотроос ч Ц. Хулангийн “Харандааны үг”, Ц. Бавуудоржийн “Гөлгөнд зориулсан үг” зэрэг энэ зохиолын шинжийг илтгэсэн зохиолууд гарчээ.
• Үг зохиолын төрөл зүйл нь шүлэглэсэн, үргэлжилсэн үгээр (яриа болно), шүлэг ба үргэлжилсэн үг хосолсон хэлбэрүүдтэй байна.
• Үгээр, утгаар, дүр, дүрслэлээр утга далдалж, хэлэх гэсэн шүүмжлэлт санаагаа илэрхийлдэг. Жишээ нь, Данзанравжаагийн үг зохиолуудыг авч үзэхэд, тухайн үеийн шашны зөрчил, шашнаа шинэтгэх гэсэн үзэл санаа нь тодорхой харагдаж байдаг.
• Үг зохиолын төрөл зүйлийг судалсан эрдэмтдийн хувьд, Оросын монголч эрдэмтэн Г. И. Михайлов, Л. К. Герасимович, Ю. П. Осипов зэрэг болно. Германы монголч эрдэмтэн В. Хайссиг “Чоно, ноён хоёрын яриа” хэмээх сонирхолтой зохиолыг “Төв Азийн судлал” (1967) сэтгүүлд фото хэлбэрээр хэвлүүлсэн бөгөөд үг зохиолын тухай сонирхолтой тодорхойлолт хийсэн хүн юм. Тэрээр “Үг шүлэг гэж хүний явдлын үлгэрээс уламжлан хөгжсөн хүний маягийн цэцэн үг хэллэгээр, хүн шиг үг хэлж ярилцдаг адгуусыг үзүүлэх алив толгой холбосон шүлэг байдаг” хэмээжээ.
• Монгол эрдэмтдээс Ц. Дамдинсүрэн, П. Хорлоо, Д. Ёндон, Л. Хүрэлбаатар, Д. Галбаатар зэрэг эрдэмтэд үг зохиолын тухай судлан бичсэн нь бий. Л. Хүрэлбаатар багш бол Эрдэнэ мэргэн бандида Агван-Ишсамбуугийн “Өнчин янзаганы үг” хэрхэн судрын аман орчуулгаас үлдсэнийг судлан бичсэн байдаг.
Лекцийн дараагийн хэсэгт хүрэлцэн ирсэн оюутан залуус, багш нар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.
Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан Х. Сүглэгмаа багшийн эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье. Лекцэнд идэвхийлэн суусан судлаач оюутнууддаа талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам
2021 оны 3 дугаар сарын 18 15.00 минут
Online Lecture