Opening ceremony of "Research Student" scholarship 2020-2021"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан 2011-2012 оны хичээлийн жилээс зохион байгуулж буй “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлт болж, 2019-2020 оны үйл ажиллагааг дүгнэлээ.Тус үйл ажиллагаанд CICM олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, АМТ-ийн захирал Фр. Мпуту Нганду Симон, CICM байгууллагын гишүүн Фр. Плата, МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, дэд профессор О. Оюунжаргал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш доктор Г. Нарантунгалаг, доктор Д. Нямдорж, МУБИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор Р. Сарангэрэл нар урилгаар оролцлоо. Мөн тус тэтгэлэгт хөтөлбөрт 2013-2018 онд хамрагдаж төгссөн үе үеийн төгсөгчид, АМТ-ийн ажилтнууд, 2020-2021 оны хичээлийн жилд тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргагч оюутнууд оролцов.
2019-2020 оны хичээлийн жилд нийт 25 оюутан хамрагдсанаас 14 өгүүлэл бүхий “Эрдмийн хэлхээ” оюутны эрдэм шинжилгээний бичгийг АМТ эрхлэн хэвлүүллээ. Дэлхий нийтийг хамарсан “Ковид” вирусын улмаас эрдэм шинжилгээний хурал хийгээгүй ч эдгээр 14 оюутны хэвлэгдсэн өгүүллүүдээс шилдэг 4 өгүүллийн эздийг шалгаруулав. Үүнд, МУИС-ийн УЗА-ы 4-р ангийн оюутан И. Даваадорж “Шилдгийн шилдэг өгүүлэл”-ийн эзнээр, мөн МУИС-ийн УЗА-ы 4-р ангийн оюутан Х. Анужин, Түүх, нийгмийн багшийн ангийн төгсөгч Г. Сандагжигмэд, Түүхийн 4-р ангийн оюутан П. Цэндмаа нар “Шилдэг өгүүлэл”-ийн эздээр тус тус шалгарсанд урамшуулж, шагналаа.
Оюутны судалгааны ажлыг их ажлынхаа хажуугаар удирдан, АМТ-ийн үйл ажиллагааг дэмжиж байдаг удирдагч багш нараас МУИС-ийн Түүхийн тэнхимийн профессор О. Оюунжаргал, Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш профессор Б. Хишигсүх, доктор Д. Нямдорж, МУБИС-ийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш доктор Р. Сарангэрэл нар шалгарч, мөнгөн шагналаар шагнууллаа.
Хөтөлбөрийн төгсөгч Уртнасангийн Бямбанямын санаачилгаар судалгааны ажлаа идэвх зүтгэл гарган хийдэг оюутнуудад олгож хэвшсэн “Төгсөгчдийн нэрэмжит шагнал”-ыг 2013 оны төгсөгч Г. Зулбаатар, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ЭША Г. Батмөнх, Б. Мөнх-Эрдэнэ, ШУА-ийн ТУЗХ-ийн ЭША Г. Цэрэнсугар, ӨМИС-ийн докторант Ч. Хүсэлбаяр, Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн ажилтан Г. Хэрлэнцэцэг, Чойжин ламын сүм музейн ажилтан Г. Мөнхтамир, МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхимийн багш А. Цэнд-Аюуш, 2014 оны төгсөгч М. Билгүүнчимэг, 2016 оны төгсөгч Э. Номин-Эрдэнэ, АМТ-ийн ажилтан М. Пагмадулам, Э. Халиун, Э. Эрдэнэхишиг, Монсудар ХГ-ын редактор Д. Очирмаа, Нийслэлийн ЕБ-ын 21-р сургуулийн багш Х. Гэндэнпил нар залгамжлан, шагнал гардууллаа. Тэд өөрсдийн номынхоо дээжээс бэлэг болгон авчирч, МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 3-р ангийн оюутан Б. Батцоож, МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын 4-р ангийн оюутан Б. Дэнсмаа, Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн 4-р ангийн оюутан Б. Ану-Үжин нарыг шагнаж, урамшууллаа.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийн 2020-2021 оны хичээлийн жилийн нээлтэд хүрэлцэн ирсэн нийт багш, оюутнууддаа судалгаа, эрдэм шинжилгээний өндөр амжилт хүсэн ерөөж, талархал илэрхийлье. Шилдэг оюутнуудын шагналыг ивээн тэтгэж, өөрсдийн бүтээлийг хандивласан Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлье.
Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжих боломжоор хангаж, дэмждэг CICM байгууллага, АМТ-ийн удирдлагад талархал илэрхийлье.
2020 оны 10 дугаар сарын 16 16:30