card

"Triple systems in Mongolian linguistic"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 10 дахь хичээлийн жилийн анхны лекц-ярилцлага 2020 оны 10 дугаар сарын 28-ны лхагва гаргийн 18:15-20:15 цагийн хооронд АМТ-д амжилттай боллоо.
Лекц-ярилцлагын зочноор Хэл бичгийн ухааны доктор, профессор Дүгэржавын Бадамдорж оролцож, “МОНГОЛ ХЭЛ ШИНЖЛЭЛ ДЭХ ГУРВАЛ ТОГТОЛЦОО” сэдвээр лекц уншлаа.
Лекцийн эхний хэсэгт тэрээр монгол хэл шинжлэлийн салбар түвшин бүрд буюу авиазүй, авиалбарзүй, үсэгзүй, хэлбэрсудлал, өгүүлбэрзүй, үгийн сансудлал, утгасудлал, аялгуусудлалын тогтолцоон дахь гурвал бүрэлдүүлбэрийн тухай монголын болон гадаадын хэл шинжлэлчид хэрхэн авч үзсэн байдгийг нэгтгэн танилцууллаа. Д. Бадамдорж багшийн лекцийн агуулгыг товчлон хүргэвэл,
• Энэхүү судалгааг хийхийн тулд эхлээд би өөртөө 3 асуулт тавьсан юм. Нэгдүгээрт, Монгол хэлний тогтолцооны гурвал бүрэлдүүлбэр гэж юу вэ?, хоёрдугаарт, Монголч эрдэмтэд бүтээлдээ үүнийг хэрхэн тэмдэглэсэн бэ?, гуравдугаарт, Хэлний ямар ямар түвшинд гурвал бүрэлбүүлбэр цэгцрэн тогтсон байдаг вэ? гэдгийг тодруулах зорилго тавьсан. Ингээд өрнө, дорно дахины хэл шинжлэлтэнгүүдийн 60 гаруй бүтээлийг товчоолон судалхад монгол хэлийг одоогоос 700 гаруй жилийн өмнөөс судалж эхэлсэн байна. Энэ хугацаанд монгол хэлний гурвал тогтолцоог янз бүрийн түвшинд ажиглан судалсаар ирсэн авч, нэгтгэн дүгнэсэн зүйл байхгүй байна. Миний судалгааны зорилго бол, монгол хэлний дотоод бүтэц буюу энэхүү гурамсан бүрэлдүүлбэрийг бидний сэтгэхүй, хэл, танин мэдэхүй гурвын шүтэлцээний хамгийн гол унаган тогтоц байна хэмээн батлах, үүнийгээ хэл, соёлын сургалтын суурь болгон ашиглахад чиглэсэн юм.
• Монгол бичгийн үндсэн гурван бүрэлдүүлбэр бол шилбэ, шүд, гэдэс гурав. Энэ гурваар бүх эгшиг авиаг тэмдэглэнэ. Нум нэмээд гийгүүлэгч авиаг тэмдэглэдэг. Авиазүйн түвшинд авиа-авиалбар-их авиалбар гэсэн гурвал байна. Агваандандар 1928 оны “Монгол үсгийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх оршив” гэдэг зохиолдоо “Эр, эм, эрс хэмээн нэр өгсөн учир ану: Эр эм хоёр үсгийг нэгэн үгэнд хавсарч үл бичих бөгөөд эрс лүгээ хавсарч болохыг мэдэхийн тул буй” гэж бичсэнээс эр-эм-эрс гурвал тогтолцоог харж болно.
• Авиалбарт өгүүлэгдэх байдлаараа хэлний урдуур-дундуур-хойгуур гэсэн гурвал тогтолцоо буйг 1929 онд Б. Я. Владимирцов ангилчихсан байдаг. Богино-урт-хос эгшиг авиалбар болон гийгүүлэгч авиалбар гэсэн гурвал бас байна. Тухайлбал, монгол хэлний урт болон хос эгшиг авиалбарыг задалбал, эгшиг-гийгүүлэгч-эгшиг (aɤa, ege г.м) гэсэн гурвал дотоод бүтэцтэйг Д. Төмөртогоо, Г.И.Рамстедт, Ж. Надмид нар тэмдэглэсэн.
• Харин гийгүүлэгч авиалбар дахь гурвал тогтолцоонууд гэвэл, бүтэх байдлаараа хамжих-шүргэх-хамжин шүргэх гэж Ж. Санжаа бичсэн байдаг. В.Л.Котвич 1902 онд хоолойн арын гурван гийгүүлэгч гэж Х, Г, К гурвыг нэрлэсэн нь бий. Хэлний өргөгдөх байдлаар эгшиг авиалбарт дээд-дунд-доод гэсэн гурвал бий. Авилбарзүйн түвшинд нэгэн зүйлийг нэмж хэлэхэд үсэг утгатай төдийгүй авиа, авиалбар утгатай гэдгийг миний багш Ц. Базаррагчаа хэлдэг юм, үүнийг та бүхэн минь санаж байгаарай.
• Үсэгзүйн түвшинд ярьвал, Чойжи-Одсэр анх монгол үсгийг чанга-хөндий-саармаг хэмээн ангилсан байдаг.
• Үсэгзүйн түвшин дэх гурвал тогтолцоог Ц. Дамдинсүрэн гуай шинэ үсгийн дүрэм боловсруулахдаа маш сайн ашигласан нь харагддаг юм. Тухайлбал, энэ олон үсгээс Ж,Ч,Ш гурвыг аваад, энэ гурван үсгийн дараагаар эр үг бол А,О,У гурвыг, эм үгэнд бол Э,Ө,Ү гурвыг бичнэ гэсэн байдаг. Жаргалан гэхээс бус орчин цагийн монгол хэлэнд жиргалан гэж бичихгүй.
• Шинэ бичигт К,Ф,Щ гурав нь зөвхөн ормол үгэнд тохиолдоно гэсэн гурвал бий. Үүнийг К. Касьяненко “Современный монгольский язык” гэдэг номдоо 1968 онд тэмдэглэсэн байдаг.
• Монголчуудын бүтээсэн номын зүйлийг хорголжин-модон барын-бичмэл гэсэн гурван янз хэмээн Б. Ринчен гуай бичсэн байдаг. Ц. Шагдарсүрэн багш монгол үсгийн бичих журмыг хичээнгүй-таталган-эвхмэл хэмээн гурав ангилсан байдаг.
• Бүр сонирхолтой нь А.Д.Руднев монгол бичгийн цэг буюу дуслыг нэг цэг-давхар цэг-дөрвөн цэг гэсэн 3 янз гэж бичсэн байдаг шүү.
• Хэлбэрсудлал буюу хэлзүйн байгуулал дахь гурвал тогтолцоонууд гэвэл, үгсийн аймгийг Ш. Лувсанвандан гуай нэрс-үйл үг-сул үг гэж 3 ангилсан байдаг. Хэл зүйн байгуулалд бас язгуур-дагавар-нөхцөл гэсэн гурвал байна. Жинхэнэ нэрийн айд тоо-тийн ялгал-хамаатуулах гэсэн гурвал тогтолцоо бий. Тооны хувьд нэг тоо-хоёр тоо-олон тоо гэсэн гурвал бий.
• Тийн ялгалын хувьд би нэгэн зүйлийг та бүхэнд хэлэхэд миний багш Чой. Лувсанжав “Чи тийн ялгал байдагт итгээд яваа юм биш биз дээ” гэж хэлж байсан юм. Чой. Лувсанжав багш өөрөө нэрийн тийн ялгал байдаггүй гэж үздэг хүн байсан. Өөрөөр хэлбэл, монголчууд уламжлалдаа төвөд хэлнээс орчуулах, Энэтхэг-Европын хэлнээс орчуулга хийхдээ тийн ялгал гэгчийг авсан болохоос бус монгол хэлний өөрийнх нь уламжлалд тийн ялгал байдаггүй гэж хэлдэг юм.
• Хамаатуулах айд нэгдүгээр-хоёрдугаар-гуравдугаар биед хамаатуулах гурвал тогтолцоо бий.
• Нэр үг нь жинхэнэ нэр- тэмдэг нэр-тооны нэр гэсэн гурвалтай, тэмдэг нэр нь ерийн-харьцуулсан-давуу гэсэн гурван зэрэгтэй.
• Үйл нь өнгөрсөн-одоо-ирээдүй гурван цагт үргэлжилдэг.
• Өгүүлбэрзүйн түвшинд, Т.А.Бертагаев анх 1964 онд монгол хэлний өгүүлбэрийг зэрэгцүүлэх-угсруулах-харилцан захируулах гурвал холбоонд байдаг гэж үзсэн нь өдгөө ч төдийлөн өөрчлөгдөөгүй, өгүүлбэрзүй судлалын суурь болсоор байгаа.
• Ш. Лувсанвандан 1949 онд өгүүлбэрийг асуух-дуудах-хүүрнэх гурван янз гэсэн нь бий.
• Өгүүлбэр нь юм-шинж-үйл гэсэн гурвал бүрэлдүүлбэртэй гэж Б. Пүрэв-Очир үзсэн байдаг.
• Г. Гантогтох монгол аман яруу найргийн уламжлалыг судлаад, аман яруу найргийн уламжлал дахь өгүүлбэрийн бүтэц нь гурвал тогтолцоотойг тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл, нагац их гарвал, хан цагаан гарвал, хун шувуун шарвал, хөдөө хээрээр гүйгчид, орон бүрээр гүйгчид, дайд бүрээр гүйгчид зэргээр гурвалсан бүтэцтэй байдаг байна.
• Д. Бадамдорж миний бие 2020 оны номдоо монголчуудын сэтгэлгээний гурвалыг “нэр үг ба үйл үг цөмтэй, голдуу зүйрлэсэн тодотгол гишүүн, дэлгэрүүлсэн байц, тусагдахуун гишүүн бүрхүүлтэй, гурвал бүрэлдүүлбэртэй” хэмээн томъёолсон юм. Сэтгэлгээний бүхий л шинж, илэрхийллийг гурвал бүтцээр дамжуулан илэрхийлдэг. Жишээ нь, мөнх хөх тэнгэр, ээжийн бүүвэйтэй хорвоо, өндөр босгыг алхах, өргөн мөрнийг гатлах, сүүн цагаан сэтгэл, алтан шар зам гээд, цаашлаад зүйрлэсэн сэтгэлгээний хувьд, дэлүүнд наалдсан гүзээ шиг, хор идсэн шаазгай шиг, хусмаа чамласан хүүхэд шиг, дутуу цохиулсан үхэр шиг, үнээ дагасан бух шиг, үнсэнд хаясан шалз шиг зэргээр дуусашгүй байна.
• Үгийн сансудлалын гурвал бүрэлдүүлбэрт хэлцийн хувьд, өвөрмөц-зүйрлэсэн-хэвшмэл гэсэн гурвал байна.
• Найруулгазүйн түвшинд, эрхэмсэг-ерийн-доод гэсэн гурван найруулгаар монголчууд бичдэг, ярьдаг байна.
• Ш. Гаадамба гуай уран зохиолын хэл-утга зохиолын хэл-ярианы хэл гэсэн гурван хэлээр эгэл ард ярилцдаг гэсэн нь бий.
• Түүхэн хэлзүйн гурвал бүрэлдүүлбэрийн хувьд, Б. Я. Владимирцов нийт монгол хэл-дундад үеийн монгол хэл-шинэ үеийн монгол хэл гэж ангилсан байдаг.
• Утгасудлалын түвшинд бол, утга гэдэг зүйл ерөөс юм-ухагдахуун-хэлний тэмдэг гурвын нийлбэр гэж үздэг.
• Аялгуу судлалын түвшинд бол Ш. Лувсанвандан, аялгуу-аман аялгуу-салбар аман аялгуу гэж гурав ангилсныг одоо ч баримталдаг. Аялгуу гэвэл халхын аялгуу гэж ойлгож болно, аман аялгуу нь өөлд, буриад, дархад гэх мэт, харин салбар аман аялгуу гэдгийг маш цөөн тооны хүмүүс харилцаж байгаа аялгуу гэж ойлговол зохино. Тухайлбал, монголд цаатангууд салбар аман аялгуугаар ярилцдаг гэж би боддог.
• Б. Я. Владимирцов 1929 онд монгол хэлний халх аялгууг Улаанбаатар орчмын халх аялгуу-Зүүн халх аялгуу-Баруун халх аялгуу гэж хуваасан нь их сонирхолтой, үнэмшилтэй.
• Аман аялгуу дотор тухайлсан гурвал бүтэц байдгийг Ж. Цолоо тэмдэглэсэн байдаг. Захчин аялгуунд өөр аялгуунуудаас ялгаатай зүг чиг, холбоо, хэмжээ заадаг гурван тийн ялгал оршиж байдаг гэжээ.
• Энэ бүхнээс үзвэл, дээрх бүгд нь манай хэлний тогтолцооны өвөрмөц тал, унаган дархлаа бөгөөд энэхүү гурвал олон бүрэлдүүлбэрийг өдгөөгийн монгол хэлний судалгаа, сургалтад ихэд анхааран дэвсгэрлэж, цаашид шинжлэх ухаан судлалыг хөгжүүлж, хэл шинжлэлийн онол, аргазүй болговол зохих юм хэмээн дүгнэж байна. Нэг мөхөс, хоёр хугас, гурав төгс гэдгийг та бүхэн минь бодож байгаарай.
Лекцийн дараагийн хэсэгт хүрэлцэн ирсэн оюутан залуус, багш нар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.
Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан Д. Бадамдорж багшдаа урт нас, удаан жаргалыг ерөөж, эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье. Лекцэнд идэвхийлэн суусан их дээд сургуулийн багш нар, судлаач оюутнууддаа талархал илэрхийлье.
Тайлан бичсэн: М. Пагмадулам
2020 оны 10 дугаар сарын 29 11.30 минут

Хүсэлт илгээх