card

"About the Hungarians who traveled to Central Asia and Mongolia"

нтоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй лекц ярилцлагын ээлжит дугаарт Унгарын Өтвөш Лорандын Их Сургуулийн Монгол Судлалын Төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор ТЕЛЕКИ КРИСТИНА уригдан, “Төв Ази ба Монголд аялсан Унгарчуудын тухай” сэдвээр лекц уншлаа. Лекц 2017 оны 10 дугаар сарын 25-нд АМТ-д боллоо.
Лекцийн эхэн хэсэгт тэрээр Төв Ази ба Монгол нутгаар аялагч, судлаачдын тухай танилцууллаа. Үүнээс товчлон хүргэвэл,
- Европчуудын дундаас Зүүн Европын ард түмэн бусдаасаа илүүтэйгээр Азиудтай зарим талаар төстэй байдгийн дотор Унгарчууд бүр өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг тохиолдол бий. Мажар, турк, монгол хэлнүүдэд дундын үг маш олон байдаг. Лав 300 гаруй бий. Мажар хэл бас Фин хэлтэй нэлээд адилхан байдаг. Энэ мэт шалтгааны улмаас Унгарчууд өөрсдийгөө хаанаас ирсэн бэ? гэсэн гарал үүслээ хайж, анх Төв Ази руу явсан байдаг.
- Унгарчуудын Төвд Азид янз бүрийн шалтгаанаар хийсэн аялал, судалгааг 4 хэсэгт ангилан үзэж болно.
- Нэгдүгээрт XIII зууны үед ирсэн цөөн хүмүүс, хоёрдугаарт XIX зуунд ирсэн аялагчид болон Газарзүйн Нийгэмлэгийнхэн, гуравдугаарт Дэлхийн I дайны дараагаар Сибирь ба Монголд цөлөгдөгсөд, дөрөвдүгээрт социализмын үеийн монгол судлаачид ба тэдний залгамжлагчид гэж хуваан үзэж болно.
- XIII зууны үед Христийн лам Friar Julianus (ФРИАР ЮЛИАНУС) гэдэг хүн 1236, 1237 оны үед Казань, Кавказ, Украйн зэргээр явж, Бат хаантай уулзсан байдаг. Гэвч, Бат хаан 1241 оны 4 дүгээр сард Унгарчуудыг довтлон ялсан. Үүний дараа Өгөдэй хаан нас барсан учир Бат хаан нутаг буцсан, харин монголчууд 100 жилийн дараа буцан очиж дахин байлдсан боловч ялж чадаагүй. Энэ тулалдаан Будапешт хотоос 200 орчим км-ийн зайтай болсон байдаг.
- Үүнээс хойш XIX зуун хүртэл Унгарчууд Монголчуудыг сонирхохгүй байсан юм уу, аль эсвэл өөр шалтгааны улмаас судалсан, аялсан зүйл мэдэгдэгдэхгүй байна.
- XIX зууны үед Унгарчууд үүсэл гарлаа хайн, нэлээд олон хүн Төв Ази ба Монголоор аялсан байдаг. Энэ үеийн эхний хэдэн судлаачид өөрсдөө адал явдлыг хайж бараг мөнгөгүй явж байсан бол, 1872 оноос Унгарын Газар зүйн Нийгэмлэг байгуулагдсанаар тэндэхийн судлаачид илүү дээр нөхцөлтэйгээр явж эхэлсэн.
- Энэ үеийн Азид аялсан хамгийн алдартай судлаач бол АЛЕКСАНДР ЧОМА КӨӨРӨШИ бөгөөд тэрээр Унгарын хамгийн анхны төвд судлаач юм. Тэр Төвдийн хийдүүдэд 7 жил амьдарч, Төвд-Англи толь бүтээж, Ганжуур, Данжуурыг дэлхийд танилцуулсан байдаг.
- Мөн Sir Aurel Stein (СТЭЙН) гэдэг судлаач Торгоны зам дагуух Их хөлгөн, Бага хөлгөний хамгийн их уламжлалтай Туркестан, Турфанаар явж,1903-1908 онд судалгаа хийсэн байдаг. Турфанд 1000 гаруй агуй, тэдгээрийн ханан дээрх зураг, бичээсүүд, ном судрууд байдгийг та бүхэн мэднэ. П. Пеллио түүний дараа бас судалгаа хийсэн. Одоо тэнд судалгаа хийх нь хаалттай байна, учир нь Хятад газар байна. Стэйн цуглуулсан зүйлсээ Англичуудад зарсан хэдий ч Унгарчуудад эргээд мөнгөөр нэлээд тусалж, тэтгэлэг олгож байсан.
- XIX зууны үед шинжлэх ухааны үүднээс Төв Ази ба Монголыг судалсан хүмүүс бол Joseph Budenz (Жозеф Будинц), Balint Gabor (Баалинт Габор), Louis Loczy (Луйс Лөций) зэрэг хүмүүс бөгөөд Баалинтын “Чингис хааны цагаан сэтгэлт ард түмэн” гэсэн номыг эмхэтгэн гаргасан байгаа. Тэрээр Өргөөд (Urga) 155 хоног нэгэн Төвд ламын хамт амьдарч, их зүйлийг бичиж авсан байдаг. Луйс Лөций бол Азийн газрын зургийг зурсан хүн.
- Дэлхийн I дайны дараагаар Сибирьт маш олон Унгарчууд цөлөгдөн, ажил хийж байсан. Жишээ нь төмөр зам тавьж байсан. Тэдгээрээс зарим нь Монголд ирж бас ажилласан. 1921 онд болоход Улаан цэрэгт бас орж ирсэн. Эдгээр хүмүүс их олон боловч, нэр нь мэдэгдэж, монголын тухай бичиж үлдээсэн нь цөөн байна. Joseph Geleta (Жозеф Гелета) бол цахилгаанчин хүн байсан бөгөөд 1920-1929 онд монголд амьдарч, Бөмбөгөр ногооныг барилцсан байдаг. Түүний бичсэн дурсамжууд судалгаа биш ч гэсэн их сонирхолтой, үнэ цэнэтэй.
- Аndor Radnoti Roth (АНДОР) гэдэг хүн эмч бөгөөд тэрээр Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нартай сайн харилцаатай байсан учир тэдний зөвшөөрлөөр нийслэлд 1922 онд гэрэл зургууд авсан байдаг. Энэ хүний авсан 66 гэрэл зураг одоо Унгарын Үндэсний Музейд байна. Зоч лам нар, тэдний сууц, цам, наадам, түүхэн хүмүүсийн маш олон сонирхолтой зургууд бий. Унгараас гараад Москва ороод, Сибирьт цөлөгдөж ирээд, дараа нь Монголд ирсэн. Нэг хүн ийм түүхтэй байна гэдэг үнэхээр сонирхолтой.
- Bader Pal (Бадер Паал) гэдэг хүн монголд 1924-1958 онуудад амьдарч байсан, Улаанбаатар хотын орчин үеийн барилгуудыг барилцсан. Түүний хүү Бадер ЖЕНО мөн 1970 он хүртэл амьдарч байсан, монгол эхнэртэй байсан.
- Социализмын үеийн Монгол дахь судалгааг Л. ЛИГЭТИ багш эхлүүлсэн. Манай тэнхимийг 1930-аад онд байгуулагдсан гэж үздэг. Л. Лигэти багш Өвөр Монгол, Афганистанд монголчуудын тухай судалгаа хийсэн. Өвөр Монголын хийдүүдийн тухай ном, Монгол Ганжуурын бүртгэл зэргийг хийсэн нь маш үнэ цэнэтэй. Дараагаар 1956, 1957 онд Б. Ринчингийн хамтаар 3 залуу судлаач буюу РОНА ТАШ, КАТАЛИН КӨӨХАЛМИ, ХАР ДОРЖ нар ачааны машинаар Өвөрхангай, Булган зэрэг хэдэн аймгаар явсан байдаг. Каталин Көөхөлми Манж судлаач болсон. РОНА ТАШ, ХАР ДОРЖ багш хоёр одоо ч хийж бүтээсээр байгаа.
- Социализмын үед Чех, Польш, Унгар, Болгар гэх мэт социалист орнуудын судлаачид монголчуудтай хамтран судалгаа хийж байсан. Тэд бас олон тооны сонирхолтой зургууд авсан байдаг. Энд тэндээс тэр үеийн хүмүүсийн авсан зураг гэнэт гарч ирдэг. Саяхан нэг хүн над руу 15 ширхэг сонирхолтой зураг илгээсэн. Эдгээр нь тэр хүний өвөөгийн ч юм уу авсан зураг бололтой.
- Унгарт монголын соёлтой холбоотой материал нэлээд байна. Жишээ нь, тэр үеийн удирдагчид Занабазарын дэг сургуулийн бурхдыг бэлэглэсэн нь байгаа. Б. Ринчен гуай бас ном судар бэлэглэж байсан, Хар Дорж багшид өгсөн ном судрууд бий, Л. Лигети багшийн Өвөр Монголоос авчирсан, Көөрөши-гийн Төвдөөс авчирсан гэх мэт материал нэлээд бий. Бас нэг Австри хүн XX зууны эхэн үед Монголд ирээд олон зүйл авч яваад, Унгар, Герман, Австрийн музейд зарсан нь байгаа. Австри-д байгаа зүйлсийн тухай Нина ЛАНГ гэдэг судлаач хэвлүүлж гаргасан байгаа.
- Унгарчуудын Азийг сонирхох сонирхол өнөө хэр нь тасраагүй бөгөөд Атилла, Чингис хаадын домог яригдсаар байна. Бас социализмын үед нааш цаашаа зорчиж байсан Унгар ба Монголчуудын дурсамж, аман түүхийг [Монголчууд Унгар руу тарваганы арьс зөөж зарж байсан гэх мэт] судалбал нэн сонирхолтой байна.
Лекцийн дараагийн хэсэгт зочин маань оюутнуудын сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө. АМТ-ийн урилгаар хүрэлцэн ирж, сонирхолтой сайхан лекц уншсан др. Телеки КРИСТИНА- даа болон лекцэнд идэвхийлэн суусан оюутнууддаа талархал илэрхийлье. Тайлан бичсэн: М. Пагмадулам

Хүсэлт илгээх