Блокын гарчиг / module_photo
Блокын гарчиг / module_photo
"Research methodology"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй лекц ярилцлагын ээлжит дугаарт Урлаг судлалын ухааны доктор, профессор Лүнтэнгийн БАТЧУЛУУН уригдан, “Судалгааны арга зүй” сэдвээр лекц уншлаа.Лекцийн эхэн хэсэгт тэрээр Б. Ринчин, Ц. Дамдинсүрэн нараар заалгуулсан, өөрийн залуу наснаас хийж дадсан “КАРТЫН арга”-ын тухай дэлгэрэнгүй ярьж тайлбарлалаа. Үүнд,
- ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 27, 28 настай 8 залуу нэгэн зэрэг ажилд орж байхад биднийг “арга зүй сурахад хөгшидсөн байна даа” гэж хэлж байсан. Гэхдээ бидэнд уйгагүй эл арга зүй гэдэг зүйлийг заадаг байсан. Энэ 8 залуугаас хамгийн түрүүн арга зүйгээ олж, эрдэмтэн болсон хүн бол төвдөч эрдэмтэн Д. Ёндон маань байгаа юм.
- Судалгаа хийх гэж байгаа хүн эрдэмтэн болж чадах уу, ном бүтээл туурвих уу гэдгийг цор ганц түлхүүр бол “арга зүй”. Өөр үүнд ямар ч хувилбар байхгүй дээ.
- Ц. Дамдинсүрэн багшийн “Эрдэм шинжилгээний ажилд суралцаж байсан минь” гэсэн ном бий. Гэвч энэ номыг та нар олж уншиж чадахгүй болов уу гэсэн үүднээс жаахан ярья. Ц. Дамдинсүрэн багш “Гэсэрийн туужийн түүхэн үндэс” сэдвээр 1950 онд Ленинградын Дорно дахины институтэд дэд докторын зэрэг хамгаалсныг та бүхэн мэднэ. Хамгаалахаасаа өмнө Төрийн шагналыг 3 удаа хүртсэн хүн байсан тул багшийгаа арга зүйн тухай асуухад “гадарлана аа” гэж хэлж. Нэг өдөр багш нь “хийсэн юмаа авчирч үзүүлээрэй” гэхэд тэрээр 2 том цүнх дүүрэн бичиг тэмдэглэл авчирчээ. Гэтэл багш нь “Та арга зүйд суралцаагүй л хүн байна даа, миний шавь дээр очоорой” гэсэн гэдэг. Шавь дээр нь очтол “Ээ, та үүнийг багшид арай үзүүлээгүй юм байгаа биз дээ, та ер нь эхлээд номын санч дээр очоорой” гээд явуулсан гэж ний нуугүй бичсэн байдаг. Номын санч жаахан охин дээр очоод бас гологдсон, тэр нь судалгааны ном зохиолоо ер ангилсан юмгүй, Гэсэрийн туужтай холбоотой бүх л юмыг тэр 2 цүнх дүүрэн хуулаад биччихсэн байсан гэдэг юм. Ц. Дамдинсүрэн багш бол энэ бүх явдлаа хойчийн бидэнд хэрэг болоосой гэж бүр сэтгэлээсээ бичиж үлдээсэн байдаг юм даа.
- Ер нь энэ бүх арга зүйд суралцсаны дараагаар л “сэдэв сонгох” гэдэг зүйл гарч ирэх ёстой. Түүнээс биш ямар ч карт хийлгүйгээр, ямар ч ном уншилгүйгээр, уншсан номуудаа ангилж ялгалгүйгээр ер сэдэв сонгох боломжгүй.
- 7 төрлийн картыг ном ёсоор хийгээд тавьсан тохиолдолд шууд л ном болгоход бэлэн болдог. Карт бэлтгэх нь цаасны стандарт хэмжээтэй хамаатай. А4-ийн цаасыг 4 дахин томруулахаас илүү хэмжээтэй ном гэж байхгүй шүү дээ.
- Хамгийн түрүүн НОМЗҮЙН КАРТ хийнэ. Энэ картын хэмжээ А4-ийн цаасыг 8 нугалсан хэмжээтэй байна. Энд номын тухай мэдээллийг бичнэ.
- Дараагаар НЭР ТОМЬЁОНЫ КАРТ хийнэ. Энэ нь А4-ийн цаасыг 4 нугалсан хэмжээтэй байна. Нэг нэр томьёог үүн дээр аль болох олон хэлээр зэрэгцүүлэн хийвэл сайн. Бүр нарийсгаад нэр томьёогоо кирил бичгээр бус англи хэлээр хийвэл сайн. Бидний хэрэглэж байгаа компьютерийн анхны зориулалт англи хэлээр байсан учраас одоо ч хүртэл кирил бичгээр боловсруулахад эргэлзээтэй зүйлүүд бий. Мэргэжлийн нэр томьёоны болгож, толгойлон хийсэн ч болно. Толгойлохдоо эхлээд “бүдүүн толгой” хийнэ. Энэ нь А үсгээр эхэлсэн бүх үгийг хэлж байгаа юм, “нарийн толгой” гэдэг нь ам, ар гэдэг хоёр үгийн аль нь урдаа орохыг хэлнэ. Одоогийн залуучууд та бүхэн монгол бичгээр толгойлон хийж сурвал бүр сайн.
- Дараагийнх нь НОМ УНШИХ КАРТ. Энэ нь А4-ийн цаасыг 2 нугалсан (А5) хэмжээтэй байна. Энд уншсан номын хамгийн гол гол хэсгүүдийг бичиж, тэмдэглэнэ. Эшлэлийг хийнэ. Эшлэл, ном зүй хийхэд хамгийн чухал зүйл бол бичиг боловсруулах тэмдэгтүүд. Үүнд сайн суралцаарай.
- Дараа нь НОМЫН ОРЧУУЛГА гэх мэтээр явсаар бүтэн ном болгох хэмжээнд хүрнэ.
- Шинжлэх ухааны салбар бүрт, бүр нэг салбарын дотор ч өөр өөр арга зүйг шаарддаг зүйлүүд байна. Тухайлбал, түүх, угсаатны зүйн судалгаанд “ТОВЧООЛОН СУДЛАХ АРГА” их үр дүнтэй байдаг. Намтар судлалд “СИСТЕМИЙН ХАНДЛАГЫН АРГА” үр дүнтэй гэх мэт. Зураг дүрслэлийн шинжлэх ухаанд бол ХЭВЛЭЛИЙН ФОРМАТ их чухал. Би үүнийг нэлээд олон номдоо алдсаны дараа ойлгосон.
- Залуу улсад нэгэн зүйлийг хэлэхэд өнөө цагт ОРШИЛ бичиж чадахаа байжээ. “Оршлын оронд” гэсэн чинь юу гэсэн үг вэ, оронд нь нэг юм аргалаад оруулчихъя гэсэн үг юм уу, ийм ойлгомжгүй юмнууд байна. Оршлыг тухайн шинжлэх ухааны хамгийн дээд мэдлэгтэй хүнээр бичүүлэх ёстой. Оршил, дүгнэлт хоёр бол нэг зүйлийн АСУУЛТ, ХАРИУЛТ хоёр байх ёстой. Гэтэл ихэнх нь яг адилхан байдаг. Данжуурын 226 ботийн ДЭЛБЭ [тодорхой нэг номын тайлбар] бичих гэж 3 хуудсанд л багтааж бичдэг. Номын оршил бүр ийм байх учиртай.
- Судлаач болох хүнд өөрийн хэрэглэгдэхүүнээ цуглуулах буюу номын сантай болох их чухал. Үүнд гэхдээ зориг хэрэгтэй шүү.
- Арга зүй гэдэг бол ерөөс ЭРЭЛ юм. Эрсний эцэст бас олдог. Хичээгээд яваа хүнд олддог юм.
Л. Батучулуун багш лекцийн дараагийн хэсэгт оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, “Монгол хээний онцлог”-ийг та юу гэж үздэг вэ? гэсэн асуултад,
- “Монгол хээний хамгийн гол онцлог бол монгол малчдын арга билигийн гүн ухааныг шингээсэн байдагт байна. Хээ бол эртний урлагийн хамгийн нарийн, боловсронгуй хэлбэр. Жишээ нь, эвэр угалз гэхэд маш их эртний хээ мөртөө модернист өнгө аястай ч байдаг нь үүнийг харуулдаг. Эвэр угалз бол эрхийтэй холбоотой. Эрхий хуруугаар нум татаж эрчилж тавих, эрхийн хээний анимизм, дотоод хүчтэй холбоотой. Ер нь эртний урлагийн бүх төрөл зүйлс эртний шүтлэгийн хэлбэрүүдтэйгээ нарийн холбоотой байдаг” хэмээн хариуллаа.
АМТ-ийн урилгаар хүрэлцэн ирж, сонирхолтой сайхан лекц уншсан Л. Батчулуун багшдаа болон лекцэнд идэвхийлэн суусан оюутнууддаа талархал илэрхийлье. Тайлан бичсэн: М. Пагмадулам