card

"Research trends in linguistic: theory, methodology and techniques"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 7 дахь хичээлийн жилдээ зохион байгуулж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн анхны лекц-ярилцлагад МУИС-ийн ШУС-ийн Европ судлалын тэнхимийн багш, профессор Н. НАНСАЛМАА уригдан, “Хэлшинжлэлийн судалгааны чиг хандлага: Онол, арга, аргачлал” сэдвээр лекц уншлаа. Лекц 2017 оны 10 дугаар сарын 11-ний лхагва гарагийн 18:30 цагт эхэлж, 21:10 цагт өндөрлөв.
Профессор Н. Нансалмаа багшийн лекцийн агуулгаас хүргэвэл,
 Хэл судлах тухай Роман Якобсоны “Хэлийг судалж байгаа бол бүх юмыг судална” гэсэн үг байдаг. Энэ үгийн эргэн тойронд их олон зүйл бий. Тэгвэл “бүх юм” гэдгийг түүний шавь Ж. Лакоф тайлбарлахдаа, хэлийг судална гэдэг санаа бодлыг судална гэсэн үг. Аман болон бичгийн баримтаар хүний сэтгэх чадварыг тодорхойлж болно. Хүмүүс хоорондын харилцааг судална. Нэг хэлтэй ч өөр хоорондоо ойлголцохгүй тохиолдол байдаг, энэ бол соёлын ялгааг харуулж байгаа юм. Учир нь соёл хувь хүнээс ихээхэн шалтгаалж байдаг. Мөн соёл хоорондын харилцааг ч судалж, энэ харилцааны алдаанаас хэрхэн сэргийлэх вэ? гэдгийг ч гаргаж ирдэг. Хүнийг нийгмийн талаас нь ийм олон хүчин зүйлүүд хэлийг судлуулж байдаг бол, биологийн талаас авиа гэдэг тархины хаанаас гараад, хаана очдог вэ гэх мэтээр физик үзэгдлүүдийг ч судлуулдаг. Хэлийг хүнээс салгаж судална гэж огтхон ч байхгүй. Хүнийг хүн байлгаж байгаа хамгийн гол хоёр хүчин зүйл нь хэл ба ухамсар юм.
 Хэлийг судалхад ДЭГ-ОНОЛ-АРГА гэдэг гурамсан холбоо маш чухал.
 ДЭГ-ийг тухайн шинжлэх ухааны асуудлыг тайлбарлах чадвартай онол дэвшүүлсэн эрдэмтэн, түүнийг тойрсон дэмжигчид бий болгож байдаг. Дэг бүр өөрийн гэсэн онолтой. Тодорхой нөхцөлд амжилттай байх боловч онолууд цаг хугацааны явцад хүчин мөхөстөх шинжтэй байдаг.
 Тэрхүү гаргаж тавьсан онолыг тайлбарлаж байгаа түлхүүрийг АРГА гэдэг. Олон мянган жилийн туршид юм сурах хамгийн сайн арга бол тэр зүйлийнх нь аргыг л заах гэдгийг хүн төрөлхтөн мэдэж авсан. Аргуудыг яаж хэрэглэхийг ерөнхийд нь аргазүй гэнэ. Хэлний судалгааны аргууд хичнээн олон янз байлаа ч тухай бүр хэлний нэг л мөн чанарыг тайлах, нээх үүрэгтэй байдаг.
 Хэлний мөн чанар гэж юу вэ?. Энэ бол хэлний үндсэн шинж нь юу вэ, үүрэг нь юу вэ? гэдгийг авч үзэхийг хэлж байгаа юм. Цаг үед болгонд хэлний нэг үүргийг голчилж судалж ирсэн байдаг. Ийм байдлыг бид “ЧИГ ХАНДЛАГА” гэж нэрлэдэг.
 Хэлний үндсэн 4 чиг хандлага байна. Хэл нь ТЭМДЭГ, СЭТГЭХҮЙ, БИОЛОГИ, НИЙГЭМ-ийн шинжтэй.
 Хэлийг дагалдаж ХЭЛЭХҮЙ хэмээх зүйл бий. Хэлийг нэг толь бичиг гэж үзвэл, тэр толиноос үгийг сураад, түүгээр харилцахыг хэлэхүй гэж хэлж болно.
 Хэл харилцах, санаа бодлоо дамжуулах болон бий болгох, танихуйн гэсэн 3 үүрэгтэй бол, хэлэхүй маш олон талын үйл ажиллагаатай. Үүнд, ХЭЛЭХҮЙН ТУСГАЛ гэдэг нь тухайн нийгмийн бодит тусгал нь хэл гэдгийг илэрхийлдэг. Хэлэнд “дүйцэлгүй үг” гэж байдаг. Нэг соёлд нэрлэгдсэн юмыг нөгөө хэлэнд орчуулахад боломжгүй байвал соёл нь л байхгүйг харуулж байгаа юм. Аливаа зүйлийг орчуулахдаа нэг үгийг нэг үгээр оноон орчуулж чадаж байвал эртнээс энэ зүйл манай соёлд байжээ гэж ойлгох, хэрэв бүхэл бүтэн өгүүлбэрээр ч юм уу, тойруулан тайлбарлаж байгаа бол ер нь манай соёлд байхгүй байжээ гэж ойлгож болох юм. ТАНИХУЙ бол хувь хүний тархины үгийн сантай холбоотой. Асар өргөн ертөнцөөс хувь хүн өөрийн таньсан зүйлээ л хэлээр илэрхийлдэг. Хэрвээ тухайн зүйлийг оноож хэлж чадахгүй байгаа бол та тэр зүйлийг таньж чадаагүй гэсэн үг. Мэдлэг дандаа үгээр бэхлэгдэж, тархинд очдог, тэгэхээр таны үгийн сан бол мэдлэгийн чинь санг бүрэн илэрхийлж чадна. УХАМСАР ба хэлний хоорондын харилцаа хамгийн чухал бөгөөд хүнийг бий болгож байдаг. Одоо шинжлэх ухаанд ухамсрыг “энерги солилцоо” хэмээн нэрлэж байна. СЭТГЭЛ ЗҮЙ-г хэл өөртөө бүрэн багтааж байдаг. Нэг нэрлэлтийг олон хэлээд байгаа, жишээ нь, хоёр цэхэр-нүд-мэлмий гэсэн найруулгын эрэмбэ байгаа нь өөрөө сэтгэл зүйг хэлээр илэрхийлдэгийг харуулдаг. ТАНИХУЙ ба ХАРИЛЦАХУЙН нэгдэл нь ХЭЛЭХҮЙ болж байгаа юм.
 Хэлшинжлэлийн хөгжлийн түүхэнд 3 чиг хандлага хөгжиж, үүргээ гүйцэтгэж иржээ.
 Нэгдүгээр чиг хандлага нь ХАРЬЦУУЛСАН ТҮҮХЭН ХЭЛШИНЖЛЭЛ юм. 19-р зууны эхэн үеэс бий болсон. Хэлний баримтыг шинжлэх ухааны түвшинд цуглуулаад, харьцуулсан судалгаа хийж эхэлсэн. Хамгийн гол нь дэлхийн энэ олон хэлний аль нь өвөг хэл вэ? гэдгийг тогтоохыг зорьсон. Зорилтууд нь, хэлийг харьцуулах, олон хэлэн дэх нийтлэг авиа, үг гэх мэтийг тогтоох, олон хэлний авианы дүйцлийг судлах, авиа зүйн өөрчлөлт, салсан цаг хугацааг нь тогтоох, нийтлэг үг, авиа, бүтээврийн эртний хэлбэрийг олох, ер нь хэл яаж өөрчлөгдөв гэдгийг судлах байсан. Үр дүнд нь авианы хууль, хөдлөнги байдлыг тогтоосон. Дэлхий дээрх 7002 хэлэнд хамгийн багадаа 11 авиа, хамгийн ихдээ 112 авиа байгааг, хүний хэл үүнийг хэлэх чадвартайг тогтоосон. Олон хэлний гарал үүслийн ангилал хийсэн, харьцуулсан түүхэн хэлзүй, гарлын толь гэх мэт бүтээлүүд олноор гарсан. Одоо гарлын судалгааг улам гүйнзгийрүүлэн хийж байна.
 Хоёрдугаар чиг хандлага нь БҮТЭЦ ХЭЛШИНЖЛЭЛ юм. 20-р зуунд бий болсон. Энд хэлний нэгжийг тэмдэг хэмээн авч үздэг. Үг бол тэмдэг бөгөөд нэг талаас хэлбэртэй, нөгөө талаас энэ хэлбэрт бэхлэгдсэн утгатай гэж авч үздэг. Тэмдгүүдийг хооронд нь холбоход дүрэм хэрэгтэй. Тухайлбал, тэмдгүүдийг холбоход гардаг алдаанаас сэргийлж, зөв бичихзүй гарсан. Цагаан толгойнууд олноор зохиогдсон. Аливаа хэлний замбараагүй зүйлсийг журамлаж эхэлсэн. Энэ хандлагын уламжлалд хэлбэрийг чухалчилж, утгыг нэлээд орхигдуулж ирсэн. Үгийн утга бол бодит ертөнцийг илэрхийлдэг.
 Ер нь 20-р зуун бол үүсгүүр хэлшинжлэл, үүргийн хэлшинжлэл, сэтгэц хэлшинжлэл, нийгэм хэлшинжлэл, хэлшинжлэлийн утга зүй, хэлэхүйн үйл ажиллагааны онол гээд хэлний олон шинэ чиг хандлагууд бий болсон эрчимтэй зуун юм.
 Гуравдугаар чиг хандлага нь “ХҮН ТӨВТ” хэл шинжлэл юм. Үүнд танихуйн хэлшинжлэл, хэрэглээний хэлшинжлэлийг чухалчилдаг. ХЭЛ-СЭТГЭХҮЙ-ТАНИХУЙ гурвыг эргэх холбоонд авч үздэг. Өөрөөр хэлбэл, нэг үгийг шинээр сурна гэдэг бол, түүнтэй холбоотой хандлагыг сурна, үзэл бодлыг үзнэ, ухагдахууныг ойлгоно гэсэн үг.
 Танихуйн хэлшинжлэлд ҮГ нь түлхүүр үг+агуулга=цогц ойлголт гэж үздэг. ЦОГЦ ОЙЛГОЛТ гэдэг нь тэр үгтэй хамаатай бүх зүйлийг хэлж байгаа юм. Тархинд буй хэл бол ерөөс маш олон цогц ойлголтуудын нэгдэл юм. Манай улсад цогц ойлголтын судалгаа ихээр дутагдаж байгаа. Зөвхөн адуу, тэмээ, ус, цаг хугацаа гэсэн 4 үгэн дээр цогц ойлголтын судалгаа хийсэн байгаа. Нэг үг хэдэн ч цогц ойлголтод орж оршиж болно. Гэхдээ дандаа тархины өөр өөр хэсэгт байрлана. Утгын цөм хэсгээс аажмаар холдсоор захын хэсгүүд нь хоорондоо нийлж оршиж болно. Нейрон буюу мэдрэлийн эс эдгээрээс шалтгаалж холбогдож, эсвэл эргээд таслагдаж байдаг. (+) холбоосууд нэмэгдсээр тархинд торлосон бүтэц үүсгэдэг. Дөнгөж төрөхөд энэ торлосон бүтэц маш сийрэг бөгөөд, танихуйн үйл нэмэгдэх бүрт олширч байдаг.
 Тархинд бий болсон төрөлх хэлний байрыг өөрчилж, шинээр хэл сурахад заавал тархинд орон зай хэрэгтэй. Судалгаагаар, англи хэл хүний баруун тархинд, хятад хэл зүүн тархинд гэх мэтээр оршдогийг баталсан. Хүний сурах үйл буюу бичих, унших, ярих, сонсох дөрөв ч тархины өөр өөр хэсэгт байрладаг. Бүр үйл үг хүртэл тархинд орших оронтой.
 ХҮН ТӨВТ хэлний тогтолцооны энэхүү шинэ хандлагад ТАРХИНЫ ХЭЛ, ТАНИН МЭДЭХ ҮЙЛ, ЦОГЦ ОЙЛГОЛТ-ын судалгааг судлах шаардлагатай байна. Хэлний тогтолцоо бол өөрөө өөрийгөө өөрчилдөг тогтолцоо бөгөөд байгаа орчноо удирддаг тогтолцоо юм.

Мөн Н. Нансалмаа багш лекцийн үеэр судалгаа хийж буй оюутнуудад хандан дараах зүйлсийг захиж хэллээ.
 Судлаач хүний үүрэг хариуцлагын хувьд өмнөх судалгааг сайн үзэж, түүнтэй холбох, тэгээд нэг шат ахиулах ёстой байдаг. Үр дүнг хэрэгтэй зүйлдээ юм уу, таамаглалдаа тааруулан гаргаж болохгүй.
 Хүн аль ч салбар руу орж судалж болно. Гэвч, тухайн зүйлийнхээ тухай уншиж, мэдэж, таниагүй бол ямар ч салбар руу ороод хэрэггүй.
 Судалгааны тойм маш чухал бөгөөд судалгаандаа шинжлэх ухаанчаар хандах хэрэгтэй. Хүн энгийн үед “тэгж санагдаад байна, бодогдоод байна” гэж ярихаас биш, судалгаанд ингэж ярьж огт болохгүй.
 Хүмүүнлэгийн ухааны судалгаанд аль болох олон баримтыг түшиглэвэл урт настай судалгаа болно. Цөөхөн баримт зайлшгүй шинж, зүй тогтол гэдэг 2 зүйлийг хангаж чаддаггүй.
 Судалгааны томьёололд “зарим” гэдэг үг ер нь байж болохгүй.
 Баримтгүй судалгаа хийчихээд “миний судалгаа онолын шинжтэй” гэж хэлдэг бол маш буруу. Онол бүхэн баримтууд дээр тулгуурладаг.
АМТ-ийн урилгаар хүрэлцэн ирж, сонирхолтой сайхан лекц уншсан Н. Нансалмаа багшдаа болон лекцэнд идэвхийлэн суусан оюутнууддаа талархал илэрхийлье. Тайлан бичсэн: М. Пагмадулам

Хүсэлт илгээх