"Vg bvtekh eronkhii togtoltsoo, tvvniig zorchij vvssen zarim vgiin tuhai"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлагын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний дугаарт ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж. ГАНБААТАР уригдан оролцож, “Үг бүтэх ерөнхий тогтолцоо, түүнийг зөрчиж үүссэн зарим үг” сэдэвт лекц уншлаа. Лекц 18:30 цагт эхлэв.Доктор Ж. Ганбаатар 2007 онд МУИС-ийг монгол-япон хэлний багш, судлаач мэргэжлээр төгсөж, 2007 оноос эдүгээ хүртэл ШУА-ийн ХЗХ-д ажиллаж байгаа бөгөөд 2016 онд “Орчин цагийн монгол хэлний үг бүтээх дагаврын байрлалын судалгаа” сэдвээр хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Лекцийн эхний хэсэгт тэрээр өөрийн судалгааны ажлыг танилцууллаа. Эндээс товчлон дурдвал,
• Монгол хэлний үг бүтэх үндсэн арга дагаврын болон үг нийлэх аргаар бүтдэг. Эндээс миний судалгааны ажилд дагаврын аргаар үг бүтэхийг авч үзсэн юм. Энэхүү судалгааг МУ-д 1960-аад оноос эхэлсэн гэж үзэх боломжтой бөгөөд анхны өгүүлэл нь тухайн үеийн оюутан Ц. Аюурзана хэмээх хүний “ОЦМХ-ний нэр үг бүтээх дагаврын тухай” хэмээх өгүүлэл байсан юм. Түүнээс хойш Б. Ринчен, Ш. Лувсанвандан нарын эрдэмтэд дагаврыг судалж бичсэн байдаг.
• Гэвч эдгээрээс дагаврын байрлалын тухай 2 өгүүлэл л гарсан байсан нь Японы эрдэмтэн Ш. Озава, Ц. Өнөрбаян нарын бичсэн өгүүлэл юм. Одоогийн байдлаар монгол хэлний үгийн бүтцийн судалгаа нь үг бүтээх дагаврыг бүртгэсэн [их ялгаатай], дагаврын утгыг тодорхойлсон, нийлмэл үг бүтэх ёсыг судалсан байдалтай байна.
• Монгол хэлний үг бүтэх дагаврын байрлалын судалгааг хийснээрээ хэлэнд орж ирж байгаа шинэ нэр томьёог зөв оноох, үгийг зөв бичих, дуудах, цаашид энэ төрлийн судалгаа хийгчдэд арга зүйн үндэс болох ач холбогдолтой гэж үзэж байна.
• Энэхүү судалгааны эх хэрэглэхүүний тухайд монгол хэлний толь бичгүүд, Монголын уран зохиолын дээжис, Монгол хэлний үгийн бүтцийн тонгоруу толийг ашигласан 60 мянган толгой үгтэй хайлтын сан үүсгэж ашигласан. Тиймээс эл судалгаанд дурдагдаж бүхий тоо баримтуудыг энэ хүрээнд олйгох хэрэгтэй. Хайлтын сан үүсгээд явж байтал нэг бэрхшээл тулгарсан нь монгол хэл залгамал хэл учраас залгавар залгахад үндэс, язгуур эвддэг. Түүнийг дахин тооцоолж, үндэс, язгуурыг эвдэхгүй байдлаар дахин хийсэн.
• Монгол хэлний язгуурыг чөлөөт ба чөлөөт бус гэж ангилсан бөгөөд урьд нь идэвхтэй ба идэвхгүй гэж ангилдаг байсан. Гэтэл харин ч идэвхгүй язгуураас хамгийн олон үг үүсэх боломжтой байдаг.
• Чөлөөт язгуураас үг бүтээхэд нэр язгуур, үндсээс үг бүтэх, үйл язгуур, үндсээс үг бүтэх ерөнхий бүтэц байна. Түүнчлэн чөлөөт бус язгуур, үндсээс үг бүтээхэд чөлөөт бус язгуур, үндсээс нэр үг бүтэх, үйл үг бүтэх гэсэн бүтэц байна. Гэвч чөлөөт бус язгуур нь араасаа 3-аас илүү үг бүтээх дагавар авахгүй байна.
• Монгол хэлний үг бүтэх ёсонд ихэнх үг 2-3 дагаврыг салаавчлах зарчмаар авдаг. Өөр өөр үгсийн аймгийн дагаврууд 1 үгэнд 6 дагавар орох тохиолдол байдаг. Нэг үгийн аймгийн дагаврууд бол 3-аас илүү давхарлаж орохгүй.
• Хэлний бүтээврүүд үгийн бүтцэд орохдоо тодорхой байршил, дэс дараалалтай байдаг зарчим, мөн эдгээр бүтээврүүд нь утгатай ба хоорондоо харьцахдаа ч ямагт утгат харьцаатай байдаг зарчмыг баримталбал орчин цагийн монгол хэлэнд энэ зарчим ямар байна вэ? гэдэг сонирхолтой.
• Үйл үг бүтэх дагавруудаас хэлний аналогийн хувьд сонирхолтой жишээнүүдийг дурдвал, өгөрш-, баларш- гэсэн нэрээс үйл үг бүтээх –ш дагаврыг автоматаар хуулж, үхэш-, дарш- гэсэн үг үүссэн байна.
• Хэвийн дагавруудын судалгааг эрдэмтэд сүүлийн 100 орчим хийж, ялангуяа хэв давхарлан орох үзэгдлийг онцлон судалсан байдаг.
• Бусдаар үйлдүүлэх хэвийн –га, -аа, -лга, -уул дагаврын хувилбарууд давхарлан орох тохиолдлууд зөв бүтэц үү, яагаад ийм бүтэц үүссэн бэ?. Үүнийг causative constraction буюу үйлдвэрлэлийн бүтэц гэж хэлдэг. Эдгээр дагавраас –га нь анхдагч дагавар, бусад нь хувилбар, тухайлбал, -уул бол Котвичийнхоор Алтай хэлнүүдийн ... гэх гэдгээс үүссэн гэсэн байдаг.
• Хэв давхарлан орж байгаа: Над шиг унах морьгүй, унагаах ямаагүй хүн бол, гал түлж гэсгээсэн газраа..., Сурагчдаар сандал ширээ зөөлгүүлэв, Лувсан багшаар монгол хэл заалгуулж байна... гэх мэт дурдагдаж байгаа жишээнүүд нь хэвийн “илүүдэл” юм.
• Сэрээлэг үү? Сэрүүлэг үү? гэдгийг бодож үзвэл аль нь зөв бэ? Сэр- гэсэн язгуураас сэрээ- гэсэн үг үүсдэгийг бодвол энэ үг “сэрээлэг” баймаар. Гэтэл дундад үеийн монгол хэлэнд буюу МНТ, Гэсэрт сэрүүл- гэж байдаг. Сэргэ- гэвэл энд бусдаар үйлдүүлэх утга байхгүй. Тэгвэл анхнаасаа бичгийн мэргэд сэрээ- гэхийн дагаврыг монгол бичгээр –га,-гэ-ээр, сэргэ гэхийг –гу, гү-гээр бичиж ялгаж байсан байж ч болох юм.
• Хэвийн дагавруудын зохиомол байдлыг шалгахын тулд ард нь дахин дагавар залгаж үзэж болно. Өлсөө- баясаа-, өлсгө- баясга-, өлсүүл- баясуул- зэрэгт –лан4 залгахад өлсгөлөн, баясгалан гэсэн л үг бүтнэ. Бусад хэвд нь бүтэхгүй байгааг харж болно.
• Мөн хэвийн дагаврын араас дахин дагавар ордоггүй. Гэтэл ийм 1017 тохиолдол хайлтын санд илэрсэн. Энэ бол цэвэр орчин цагийн монгол хэлэнд үүссэн үзэгдэл мөн. Жишээ нь, бүтээвэр, ярилцлага гэх мэт. Энд хамгийн олон үг бүтээж байгаа нь –гч, -л-, -лт дагаврууд байсан.
• Байдлын дагавруудын тухайд бол давхарлан орох тохиолдлыг олон эрдэмтэд бүртгэн давхарлах боломжтойг гаргасан байдаг. МУЗ-ын дээж 108 ботид –цгаа дээр –чих давхарлан орсон, -зна дээр –схий давхарлан орсон тохиолдлууд байсан. –цгаа дагаварт бол байдал заасан утга байхгүй учир –чих орж болох юм. –зна гэдэг дагавар бол зөвхөн халх аялгуунд байдаг бөгөөд бусад аялгуунд дангаар –схий-г л хэрэглэдэг.
• Нэр үг бүтээх дагавруудын дотор нэрээс нэр үг бүтэж байгаагийн 90% орчмыг –тан-чин дагаврууд бүтээдэг. Ажил мэргэжлийн утгатай учраас барималчин гэх мэтээр үүсдэг. Гэтэл үүнийг хуулсан тохиолдлууд байгаа нь хөөс-н-цөр, үүр-гэ-вч, хөш-үүр-эг зэрэг байна.
• Нэрээс нэр үг бүтээдэг –вх дагаврыг хэлний аналогиор үйл үгэнд залгасан тохиолдол байна. Идэвх, усавх [буриад. Сувс архи], бүдэвх [бүдэг], тосовх [тосорхог] гэсэн үгтэй төсөөтэйгээр чадавх гэдэг үг буруу үүссэн байна. Угтаа бол чадамж байх ёстой.
• Нэр үг үүсгэх –уур дагаврыг залгахад –лт, -т дагаврууд дэвшиж орж ирсэн жишээнүүд бас бий. Суултуур, угаалтуур, хөөлтүүр, цоолтуур, шүүлтүүр гэх мэт.
• Мөн хэрэгслэл, дуурайлал, авилгал гэх мэт “-л” дагаврыг илүү залгасан үгс олон байна.
• Тэмдэг нэр үүсгэх –т, -лаг, -рхаг- рхуу дагаврууд нь адил утгатай боловч тухайлбал, -т дагавар аливаа зүйлийн шинжийг гүйцэт, -лаг дагавар дутуу агуулдаг. –лаг дагаврыг Түрэг хэлний –лиг дагавраас монгол хэлэнд орсон гэж үздэг.
• Нэрээс тэмдэг нэр бүтээр –втар дагаврыг үйл үгэнд залгаж, ичгэвтэр, айхавтар зэрэг үг үүссэн нь айх мэт, ичих мэт гэдгээс бий болжээ гэж үзэж байгаа юм.
• Бүдүүн, нарийн, хурдан, түргэн зэрэг тэмдэг нэрээс үйл үг үүсгэх –чил дагаврыг залгахад хурдавчил, түргэвчил гэх мэтээр үг үүсч, бүтээврийнг авиазүйн асуудал харагддаг. Гэтэл яг энэ загвараар яар- гшэсэн үйл язгуураас автоматаар яаравчил гэсэн буруу үг үүссэн байна.
• Орчин цагийн монгол хэлэнд байрлалыг зөрчдөг судалгааны үндсэн асуудлууд нь, давхацсан ижил авиа гээгдэх, богино эгшигт өргөлт нэмэх, тэмдэг нэр болон орон цагийн нэр нэрших, хэлний хэмнэлтийн зарчим, бүтээврийн авиазүйн үзэгдэл, хувиргал, төсөөгөөр үг бүтэх зэрэг байна гэж дүгнэж болно.
Лекцийн дараагийн хэсэгт доктор Ж. Ганбаатар оюутан залуусын сонирхон асуусан асуултад хариуллаа. АМТ-ийн урилгыг хүлээн авч, сонирхолтой, сайхан лекц уншсан Ж. Ганбаатар талархал илэрхийлж, цаашдын судалгаанд нь өндөр амжилт хүсье. Хүрэлцэн ирсэн оюутан залуустаа баярлалаа.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам