"Personal development"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг лекц-ярилцлагын 2017 оны 2 дугаар сарын 22-ны дугаарт Отгонтэнгэр Их Сургуулийн Сурган хүмүүжүүлэх, сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл судлаач Б. ЭНХБАЯР уригдан, “ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ” сэдвээр лекц уншлаа. Лекц 18:30 цагт эхлэв.Лекцийн гол агуулгыг хүргэвэл,
• Хүний хөгжиж, манлайлж, амжилтад хүрч болох олон хүчин зүйлс байдаг. Хамгийн түрүүнд хүмүүс амжилттай яваа, амжилтад хүрсэн хүмүүсийг хараад юугаараа бусдаас өөр юм бол? гэж боддог. Үүний хариултыг IQ (Intelligence Quotient/Оюун ухааны коэффициент)-тэй холбоотой хэмээн үзэж, хүүхдийг багаас нь IQ өндөртэй болгох гэж их хичээдэг. Хүний мэдлэг чадварыг үүгээр үнэлж болно, харин хандлагыг бол үнэлж чадахгүй юм. Өөрөөр хэлбэл, бусдаас амжилттай яваа, агуу нээлт хийсэн хүмүүсийн IQ тийм ч өндөр бус байсан бөгөөд харин өөр чадварууд нь өндөр байсан гэсэн судалгаа бий.
• Хүний хандлагыг үнэлэх, дүгнэлт хийх боломжтой чухал үзүүлэлт бол IQ биш, EIQ (Emotional Intelligence Quotient/Сэтгэл хөдлөлийн ухааны коэффициент) юм.
• EIQ-д хэд хэдэн чухал агуулга багтана. EIQ-гээ хөгжүүлэхийн тулд нэгдүгээрт, өөрийнхөө тухай мэдэх хэрэгтэй. Бид амьдралдаа ямар нэгэн зүйлийг, ямар нэгэн хүнийг судлах гээд олон талаас нь харж байдаг. Гэвч өөрийгөө мэдэж чаддаггүй. Энгийнээр та цаас аваад хоёр хуваагаад, нэг талд нь сайн, нөгөө талд нь муу чанаруудаа бичих хэрэгтэй. Дараа нь аав ээж, ах эгч гээд эргэн тойронд байгаа хүмүүсээрээ бичүүл. Тэгээд давтамж ихтэй сайн тал бол үнэхээр таны сайн тал, давтамж ихтэй муу тал нь бас таны муу тал байх өндөр магадлалтай.
• EIQ-г хөгжүүлэх хоёрдугаар зүйл нь өөрийн удирдлага юм. Жишээ нь, 2003 оноос хойш Финляндын боловсрол дэлхийд тэргүүлж байна. Үүний шалтгаан нь өөрийн удирдлага юм. Хүн өөрөө өөрийгөө удирдаж сурна гэсэн үг. Оюутнууд багшаас хамааралтай, эцэг эхээс хамааралтайгаар хичээлдээ явдаг бус, өөрөө удирдан явж, шалгалтын өдрөө өөрөө товлож өгдөг байхыг хэлнэ. Гэтэл монголд дээд боловсролын үнэ цэнэ буурч, бүх нийтийн боловсрол болсон учраас энд өөрийгөө удирдах ухамсар сэтгэлгээ дутагдаж байна.
• EIQ-г хөгжүүлэх гуравдугаар зүйл нь сэтгэл хуваалцал юм. Хүмүүс нэгнээ зовж зүдэрсэн, сэтгэлээр унасан үед л сэтгэлийг нь хуваалцах хэрэгтэй гэж боддог нь буруу юм. Харилцааны бүхий л түвшинд сэтгэл хуваалцал гэдэг зүйл байх ёстой. Хүн төрөлхтний хувьд мэдээллийн, технологийн зуунд амьдарч байна. Цаашид энэ зуун мэдрэмжийн зуун болох ёстой. Хүмүүс мэдээллийг биш, мэдрэмжийг солилцох ёстой. Яагаад хүмүүс эцэг эхтэйгээ хүртэл муудалцдаг вэ гэвэл, зөвхөн мэдээллээс болдог бөгөөд мэдрэмжээ хуваалцдаггүйд байгаа юм.
• EIQ-г хөгжүүлэх дөрөвдүгээр зүйл нь харилцааны ур чадвар юм. Харилцааны үнэ цэнийг энгийн үед мэдэхгүй. Харилцаа бол биологийн хэрэгцээ бөгөөд хүмүүс үргэлж харилцааны дутагдалд орж байдаг.
• Амжилтад хүрье гэвэл харилцааны ур чадвараа л хөгжүүлэх хэрэгтэй. Үр дүнтэй, сайн харилцааг бий болгох хэдэн чухал зүйл бий. Хамгийн түрүүнд харилцагчийнхаа үнэт зүйлийг чухалчилах ёстой. Энэ нь энгийнээр хүний нэрийг мартахгүй байхаас эхэлнэ. Нэр бол тухайн хүнд эрхэм зүйл учраас нэрийг нь хичнээн хугацааны дараа мартаагүй байгаа хүнд хүн шууд татагддаг. АНУ-ын Цагаан Ордонд амьдарч байсан ерөнхийлөгчдөөс энэ чадвараараа Ж. Буш ерөнхийлөгч хамгийн сайн байсан гэдэг.
• Дараагаар харилцахад харилцагчийнхаа хүсэл сонирхлыг чухалчилдаг байх хэрэгтэй. Өөрөө юу хүсч байгаагаа л бодоод байх биш, нөгөө хүнийхээ юу хүсч байгааг давхар бодож байх ёстой. Жишээ нь, олон хүнтэй хамт авхуулсан зургаа хараад хүнд хамгийн түрүүнд хоёр янзын сэтгэгдэл төрдөг. Би өөрөө гоё гарсан байвал бусад хүмүүс яаж гарсан хамаагүй, нийгмийн сүлжээнд тараах, нөгөө нь өөрөө муухай гарсан байвал ямар ч ач холбогдолтой зураг байсан түүнийг дарагдуулахыг хичээдэг. Энэ бол хүн зөвхөн өөрийн хүсэл сонирхлыг үргэлж чухалчилж байдгийн жишээ юм.
• Хүнтэй харилцахдаа төрөлх мэдрэмж дээр нь тулгуурлан харилцах хэрэгтэй. Гэтэл хүн харилцаж байгаа хүнээ өөртэйгээ адилхан болгох гээд байдаг. Хүнд хүнтэй харилцах ямар нэг сайн загвар байж болно. Тэр загварыг өөр бусад хүмүүстэй харилцахдаа ашиглаж болохгүй. Харилцаа байгаа тохиолдолд мэдээж зөрчил байна. Зөрчил үүсэхэд сайнаар, зөвөөр шийдвэрлэж байгаа хүнийг л сайн харилцагч гэдэг. Зөрчлийг таслан зогсоох чухал арга бол “буулт хийх” явдал юм.
• EIQ-г хөгжүүлэх тавдугаар зүйл нь бусдыг удирдан жолоодох юм. Чи бусдад нөлөөлж чадаж байна уу, чамайг ямар нэгэн шийдвэр гаргахад дагах хүн байна уу? гэдгийг бодох хэрэгтэй. Бусдын сэтгэлийг эзэмдэж удирдах нь өөрт байх ёстой сайн чадваруудыг эзэмшсэний дараах хамгийн чухал чадвар болох юм. Бид амьдралдаа гадаад байдал буюу “шинж чанар”-аа их анхаардаг боловч дээр дурдсан зүйлс болох “мөн чанар”-ын талдаа анхаарал бага хандуулдаг юм.
• Хүний хөгжилд хамаатай нэгэн чухал зүйл нь хүсэл мөрөөдөлдөө хэр их үнэнч вэ?, итгэл үнэмшилдээ тууштай юу? гэдэг асуудал юм. Хүмүүс эд баялгаа алдвал юу ч алдаагүйд тооц, нэр хүндээ алдсанд багыг алдсанд тооц, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц гэх мэтээр ярьдаг шүү дээ. Би бол итгэл үнэмшлээ алдвал бүхнийг алдсан тооц гэж хэлмээр байдаг. Маш хүнд нөхцөлөөс хүнийг итгэл үнэмшил л босгодог, харин жирийн үед түүнийг хэн ч мэдэрдэггүй.
• Алсын хараа гэдэг зүйл амьдралд байх ёстой. Хүн үргэлж миний хажууд байгаа хүмүүсээс илүү ямар боломж надад байгаа вэ? гэдгээ олоод, түүнийгээ ашиглахад л хангалттай. Нэг зүйлдээ маш үнэнч байх ёстой. Өөр өөр мэргэжлээр удаа дараалан сураад явж байгаа хүнийг харахад энд бол алсын хараа гэх мэт зүйл харагддаггүй.
• Хүний 6 нас хүртэлх амьдрал тоглоомон дунд өнгөрдөг. 6-аас дээш 21,22 нас хүртэл хүний хамгийн чухал зүйл бол сурах байдаг. Гэтэл хүмүүс үүнийг ихээр хэтрүүлж, хэдэн арван жил сурдаг. Зүй ёсоор бол энэ наснаас зайлшгүй хөдөлмөрлөх ёстой юм. Үүнийг мартаж болохгүй.
• Хүн бүрт “супер” буюу бүхнийг чаддаг байх хүсэл сонирхол байдаг. Хэдэн зууны түүхтэй нүүдэлчдийн ахуйд бол ийм чадвар байсан. Гэвч бидний өнөөгийн бидний амьдарч буй суурин иргэншилд бол нэг хүн нэг зүйлийг сайн хийж чаддаг байх нь хангалттай бөгөөд түүгээрээ л нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, үнэлэгдэж чадна. Харин олон зүйлийг хийж чаддаг болох гээд байгаа хүн бол нийгмийн харилцаанд орж чадахгүй, ороод амжилтад хүрч чадахгүй гэдгийг бодоосой гэж хэлмээр байна.
Б. Энхбаяр багшийн лекцийн дараагийн хэсэгт оюутан залуус сонирхсон асуултуудаа асууж, хариулт авлаа.
Хөтөлбөрт үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирж, сонирхолтой сайхан лекц уншсан Б. Энхбаяр багшийнхаа ажил үйлст өндөр амжилтыг хүсэн ерөөе. Мөн лекцэнд суусан оюутан залуучууддаа талархал илэрхийлье.
Мэдээ бичсэн: М. Пагмадулам