card

"Basic of linguistics of access to source"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан хэрэгжүүлж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц ярилцлагын 2016 оны 4 дүгээр сарын 13-ны зочноор ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б. ТҮВШИНТӨГС уригдан оролцож, “Сурвалж бичигт хандах хэлшинжлэлийн үндэс” сэдэвт лекц уншлаа. Лекц 18:40 цагт эхлэв. Лекцийн үеэр тэрээр хэрхэн хэлшинжлэлийг сонирхон судалж эхэлсэн болон хэлний судалгаа, сурвалжийн судалгаанд юу юу чухал байдгийг ийнхүү ярилаа. - Манай аав ээж хоёр хоёулаа монгол хэлний багш байсан болохоор мэргэжил сонгоход нөлөөлсөн. Мөн “Эрдэмтдийн тухай зураглал” гээд Л. Дашням гуайн орчуулсан ном, 1990 оны “Хэл зохиол” сэтгүүлийн 24-р ботид гарсан Д. Цэрэнпилийн “Орчин цагийн монгол хэлний үгүйн байгуулалт” номд бичсэн шүүмжийг 10 дугаар ангидаа уншаад эргэлт буцалтгүйгээр мэргэжлээ сонгосон. - 2001-2005 онд Санктпетербургийн Улсын Их Сургуулийн Дорно дахин судлалын факультет-д аспирантурт суралцаж төгссөн. “Манж монгол хэлний үйл үгийн түүхэн харьцуулсан судалгаа” сэдвээр эрдмийн ажил хийсэн. Одоо түүнийгээ үргэлжлүүлэн нэр үгийн харьцуулсан судалгаа хийж байна. Алтай хэлнүүдийн харьцуулсан судалгаагаар дэлхийд өрсөдөх боломжтой бөгөөд монгол-манж хэлний тохироо 50%-аас илүү, харин монгол-түрэг хэлнийх 50%-тай байдаг боловч манж-түрэг хэлний тохироо маш бага байх жишээтэй. - Төрөл хэлний хүрээнд авч үзэх уламжлалт хэл шинжлэлийн судалгаа бүрэн гүйцэд хийгдээгүй байсаар байна. Сүүлийн үед нейро хэл шинжлэл, когнитив хэл шинжлэл, түгээмэл хэл зүйг ихээр сонирхох болж, түүхэн үгийн сангийн судалгаа, түүхэн бүтээвэр зүйн судалгаа, түүхэн нэр зүйн судалгаа хийгдэхгүй байна. - Бидэнд нэг л зүйлийг маш нарийвчлан судлах хэрэгтэй хэмээн заадаг байсан. Энэ нь ч үр дүнтэй байдаг. Гэвч, өнөөдөр судлаачаас маш их зүйлийг шаарддаг буюу олон шинжлэх ухааны зааг дээр судалгаа хийдэг болоод байна. Тухайлбал, хэлний судалгаа бол огт дангаар хийх боломжгүй аман зохиол, уран зохиол, угсаатны зүй, философийн хавсарсан шинжтэй болсон. - Судлаач болох хүн эхлээд маш их зүйлийг сонголтгүйгээр уншдаг. Гэвч түүний дараа ямар нэгэн сэдэв аваад судалгаа хийхэд тэнд тийм зүйл байсан гэдгийг мэддэг болсон байдаг. - Номзүй маш чухал. Б. Сумъяабаатар гуай эрт үеэс 1971 он хүртэл хэлшинжлэлийн номзүйн бүртгэлийг хийсэн. Би 1971 оноос хойших номзүйн бүртгэлийг хийсэн. Номзүйг бол сургаар хийж болдоггүй чухал зүйл байгаа юм. - Монгол бичгийн үүслийн домгийг үзэх гэж “Юань улсын судар”-ыг анх үзсэн. Эхний 3 дэвтрийг 4 жилийн турш хөрвүүлж хэвлүүлсэн. Тэндээс олон зүйлд суралцсан. Хүн харахад сурвалж шиг амархан юм байхгүй гэж боддог. Гэтэл сурвалжийг хэвлэхэд эхийг болон галигийг маш найдвартай, сайн хийсэн байх ёстой. Мөн үг үсгийн алдааг их анхаарах хэрэгтэй. - Гадаад хэлээр бичигдсэн монгол судлалын номуудыг уншаагүйгээс болоод өмнө судлагдсан зүйлийг манай судлаачид давхардуулж хийдэг. Тиймээс 1929 оны Б. Я. Владимирцовын “Монгол бичгийн хэлийг халхын аялгуутай харьцуулсан зохиол” номыг орчуулж байна. Лекц 20:40-д өндөрлөлөө.

Хүсэлт илгээх