card

"New research results of Deer stones of Mongolia"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монголын Үндэсний Музейн Эрдэм Шинжилгээний Төвийн дарга, археологич, түүхч Ж. БАЯРСАЙХАН “Монголын буган хөшөөний судалгааны шинэ үр дүн” сэдэвт лекцийг 2016 оны 3 дугаар сарын 3-ны лхагва гаригт уншлаа. Лекц 18:30 цагт эхлэв.
Лекцийн эхний хэсэгт археологич Ж. Баярсайхан монголын буган хөшөөний ангилал, хиргисүүр болоод буган хөшөөний холбоо хамаарал, буган хөшөөний тахилын байгууламж, буган хөшөөний дүрслэлийн онцлог, тэдгээрийн утга бэлгэдлийн талаар сонирхолтой тайлан тайлбарууд хийсний заримыг товчлон сийрүүлбэл,
- “Буган хөшөөг ангилсан өмнөх эрдэмтдийн ангилал дээр бидний нэмж буй ангилал бол “Монголын холимог хэлбэр” буюу буга, адууны дүрс хамт байгаа нэгэн хэлбэр юм. Энэ хэлбэрийн буган хөшөөд нийт 20 гаруй байна.
- Буган хөшөөний үндсэн тархалтын бүс нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Биндэр, урагшаа Орог нуур, Өвөр Байгаль, Шинжаан, Хар Далай, Кавказ-д байна. Зүүн болоод өмнөд хил нь Монголын нутаг дэвсгэрт байна. Сүүлийн жилүүдэд энэ дурсгалын тоо нэмэгдэж, 1200 орчим болоод байна. Хилийн гадна байгаатайгаа 1500 шахам байна.
- Буган хөшөөний газрын байцыг ажиглавал, их сайхан дэнж, голын хөндий юм уу үер усанд хэзээ ч автахааргүй газар байдаг.
- Буган хөшөөдийн өндрийг хэмжихэд зарим нь унасан, зарим нь газар доор хэр их гүн байгаагаас эхлээд хэцүү байдаг. Гэвч судлаад үзэхэд энэ дурсгал бол 150 см-200 см байдаг дундажтай байна.
- Нийгэм соёлын бүтэц, улс төрийн хувьд авч үзэхэд буган хөшөөний соёлыг бүтээгч ноёлох хэсэг нь Хүннүгийн язгууртнуудын соёлтой давхардан харагдаж байгаа нь төр улсын түүхийг урагшлуулах боломжийг харуулж байгаа юм. Тухайлбал, Хануйн хөндийн дурсгалууд байна. Төр улсынхаа түүхийг Хятад сурвалжаас бус археологийн дурсгалаас нээн харах нь оновчтой гэж эрдэм судлаачид ч үзэж байна.
- Буган хөшөөний тахилын байгууламжаас юу гардаг вэ гэвэл, адууны толгой, хүзүү, 4 туурайтайгаа гардаг. Адууны толгойг зүүн урагш хандуулан байрлуулсан байдаг. Манай зарим судлаачид арьстайгаа хамт байсан гэж үздэг. Урт булагийн 1700 адууны толгойтой тахилын байгууламжаас харахад эдгээр адууг нэг дор хойлоглох боломжгүй бөгөөд он цагийн цуваа байдлаар хойлоглож тавьсан байх магадтай. C14-ийн шинжилгээгээр эдгээр адууны толгойг шинжилхэд одоогоос 3200-2800 орчим жилийн үеийнх болох нь мэдэгдэж байгаа. Ингэхлдээр буган хөшөө маань лавтайяа 3000 жилийн өмнөх дурсгал болох нь мэдэгдэнэ.
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Жаргалантын амны 3-р буган хөшөөнд 68 буга дүрсэлсэн бөгөөд 5 тонн жинтэй нь хамгийн том хэмжээтэй нь юм.
- Буган хөшөөн дээрх дүрсүүдийг тайлан тайлбарлахдаа этноархеологийн үүднээс хандаж, амьтан шүтлэг, бөө мөргөлөөс хамгийн түрүүнд хайж үзсэн. Судлаачид анх буган хөшөөний дүрслэлийг 3 ертөнцийг бэлгэдсэн гэж үзэж байсан ч хүнийг бүтнээр нь дүрсэлсэн буган хөшөөг харахад энэ дүгнэлт няцаагдсан. Учир нь буган хөшөөний дэд талын дугуй дүрс бол нар сар бус хүний ээмэг байна гэдгийг тогтоосон. Эртний язгууртнууд бол 2 чихэндээ өөр өөр ээмэг зүүдэг, эрэгтэйчүүд нь нэг чихэндээ ээмэг зүүдэг байснаас үндэслэвэл энэ дүгнэлт зөв юм. Мөн энэ ээмэгний дугуй дүрс ч нар сарны шүтлэгийг тээж байх талтай.
- Буган хөшөөний нүүрний тухайд бөө нэрийн малгайтай харьцуулж үзэхэд адил байдаг. Мөн нүүрэн дэх ташуу зурааснууд нь бөөгийн масканд байдаг. Археологич Д. Баяр багш бол үүнийг шивээс гэж үзсэн байдаг нь ч боломжтой юм. Миний хувьд үүнийг монголчуудын “бор халзан туулай” болгох ёстой холбоотой гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бор халзан туулай болгох нь хүүхдийг хамгаалдагтай адил эдгээр өвөг дээдсийн тахилыг хамгаалах утга үүрэгтэй гэж үзэж болох юм. гэтэл зарим буган хөшөөний нүүр нь хавтгай, юу ч үгүй толигор байдаг нь нэг талаас тухайн хүнээ танигдуулахгүй хамгаалж байж болох юм, нөгөө талаас тухайн толийтол зассан нүүрэн дээр тэр үедээ зос юм уу ямар нэг будгаар нүүр зурсан нь арилсан байж болох юм.
- Буган чулууны бүс нь шулуун олон зураастай, чон хээтэй /ромбо/ гэх мэт байдаг. Буган чулуудын 50% орчим нь бүсгүй байдаг. Үүнийг нарийвчлан судалхаар элитүүд цөөхөн, нийгмийн дундаж хэсгийнхэн олон байсныг баталж харуулдаг. Бүсний хээ дүрс нь өөрөө зэрэг дэвийн илэрхийлэл болдог.
- Буган хөшөөн дээр дүрслэгдэж байгаа зэр зэвсгүүд нь хутга, чинжаал, нум сум, билүү чулуу, сүх гэх мэт олон төрөл байдаг. Оршуулгад дагалдуулах ёстой эдгээр зүйлсийг буган хөшөөн дээр дүрсэлсэн нь орлуулга гэж үзэж болно. Хиргисүүрт дагалдах хэрэгсэл их байхад буган хөшөөнд дурсгал дагалддаггүй нь үүнтэй холбоотой.
- Бугаас гадна буган хөшөөнд адуу, гахай, хандгай, загас гэх мэт амьтад дүрслэгддэг. Бугыг дүрсэлж байснаа адууг дүрслэх болсон нь сонирхолтой байдаг. Эхлээд адууг ганц нэг жижиг хэмжээтэй дүрсэлж байгаад дүрсийн тал хувьд дүрслэх болоод, бүтэн адууны дүрст хөшөө болсон нь ажиглагддаг. Одоогоор 51 дурсгалт газрын 70 буган хөшөөнөөс 202 адууны дүрс олдоод байна. Морин тэрэг бол 2 удаа бий.
- Тоогоороо буга болон адууны дараа дүрслэгдсэн амьтан бол гахай юм. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Зуны голын 10-р буган хөшөөнд 11 гахай бий. Гахайг газрын шүтлэгтэй холбон шүтдэг. Нэгэн сонирхолтой зүйлийг дурдахад МНТ дахь Чингис хааны дээд өвөг Бодончар мунхаг, Буха хатаги, Бугату Салжи нарын нэрс нь буга, бух, бодон гэсэн амьтны нэр гэдгийг судлаач У. Эрдэнэбат бичсэн байдаг. Гэтэл дээд талд нь буга, дунд нь адуу, доод талд нь гахай дүрсэлсэн буган хөшөө байдаг нь 3 ертөнцийг төлөөлж байна уу гэмээр санагддаг.
- Загасны дүрслэл 2 буган хөшөөн дээр байдаг. 1 том загас, 1 жижиг загас дүрсэлсэн байдаг нь арга билиг, эр эмийг илэрхийлдэг. Оросын судлаачид үүнийг үржлийн бэлгэдэл гэж үзсэн. Буган чулуу нь өөрөө загасны хэлбэртэй бас байдаг. Бөө нэрийн манжлагад загасны дүрс бий. Усан доогуур явахад онгодын туслагч болдог гэж үздэг.
- Тахилын байгууламж дахь адууны толгойн зүгийг нарийвлан судалхад 90о-125о-т байдаг. Ямар улиралд энэ зүгт нар гардаг вэ? гэхээр намрын сүүл, өвлийн эхэн, эсвэл хавар эрт гардаг. Хануйн хөндийн адууны толгойг шинжилж үзэхэд 0-4 насны адуу 23, 4-15 насны адуу 1, 15-аас дээш насны адуу 15 байсан. Ингэхлээр монголчууд идэр насны адуугаа идэхгүй, залуу эсвэл хөгшин адууг идшэндээ хэрэглээд, толгой, хүзүү, зүлд, 4 туурайг нь өвөг дээдсийнхээ тахилд нар гарч буй зүгт хандуулан тавьдаг байсан харагдаж байгаа юм.
- Баруун Монголд буган хөшөөний тахилын байгууламжаас адуу гардаггүй, тоо нь маш бага байдаг бол, Төв монголоос ихээхэн олддог. Энэ нь адуун тоо толгой аль нутагт их бага байсантай холбоотой.
- Дөрвөлжин булш бол буган чулууг түрэн орж ирсэн нүүдэлчдийн өөр нэгэн дурсгал. Дөрвөлжин булшны соёлд буган хөшөөг хашлага болгон ашигласан байдаг. Мөн дөрвөлжин булшин дотор буган хөшөөг хүнчлэн оршуулсан тохиолдол 3 бүртгэгдээд байна. Үүнийг зарим судлаачид дайнд яваад нас барж, эргэн ирээгүй хүнийг ийнхүү орлуулан оршуулсан гэж үздэг” гэх мэт олон сонирхолтой зүйлсийг ярилаа.
Лекцийн дараагийн хэсэгт оюутнууд олон асуулт тавьж, хариултаа авлаа. Лекц 21:20 цагт өндөрлөв. Лекцийн урилгыг авч, хүрэлцэн ирсэн Ж. Баярсайхан багш, лекцэнд идэвхийлэн суусан нийт оюутнуудадаа АМТ-өөс талархал илэрхийлье.

Хүсэлт илгээх