"Training of technical research writing"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 5 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Эрдэм шинжилгээний техник ажлын сургалт”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны 18:30-20:30 цагт амжилттай явууллаа. “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөр нь судалгааны ажил хийх хүсэл эрмэлзэлтэй оюутан залуусыг дэмжих зорилготой хөтөлбөр учраас ахмад болон залуу эрдэмтдээр лекц уншуулах, тэдний судалгааны аргазүйтэй танилцуулж, суралцуулах, эрдэм шинжилгээний хэл найруулга, техник ажлыг сайжруулах талаар анхааран ажиллаж байна. Эрдэм шинжилгээний ажлын хамгийн чухал зүйлүүдийн нэг болох техник ажилд судалгааны ажил хийж эхэлсэн цагаасаа нягт нямбай суралцах нь зүйтэй хэмээн олон эрдэмтэн судлаачид хэлдэг билээ. Нэг удаагийн уг сургалтыг АМТ-өөс зохион байгуулсан бөгөөд сургалтын агуулгад дараах зүйлсийг багтаалаа. - Эрдэм шинжилгээний техник ажил гэж юу вэ? - Бичвэрийг эмх цэгцтэй болгох хүчин зүйлс - Бичвэрийн 2 талыг тэгшлэх /justify/ - Үсгийн фонт болон хэмжээ - Зайг зөв авах - Bold, italic, underline цэсийг тохиромжтой ашиглах - Дөрвөлжин болон дугуй, дан болон давхар цэгэн хаалтыг тохиромжтой ашиглах - Аман яриа болон архивын баримт, шүлэг зэргийг бичвэр дунд хэрхэн тохиромжтой оруулах - Номзүй хийх /нэг сэдэвт зохиол, сэтгүүл, цуврал, сонин сэтгүүл, цахим эх сурвалж, архивын баримт тус бүрээр/ - Эшлэл хийх - Монгол бичгийн галиг хийх - Зураг, график, хүснэгтийг тохиромжтой ашиглах талаар ярилаа. Сургалтын дараагийн хэсэгт оюутнууд сонирхсон асуултуудаа асуусан бөгөөд олонх нь номзүй болон эшлэл хийхэд гардаг бэрхшээл, түүнтэй холбоотой зүйлсийг асууж байлаа.
Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2015 оны 11 дүгээр сарын 19