card

"Private Life under Socialism"

МУИС-ИЙН АНТРОПОЛОГИЙН ДОКТОРАНТ Ч. МӨНХТУУЛЫН “ТӨР БА ӨВӨӨ: ЗҮҮН ХОЙД ХЯТАДЫН ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН УЛС ТӨР, ЭРХ МЭДЭЛ, ХҮЧНИЙ ХАРИЛЦАА” СЭДЭВТ ЛЕКЦ-ЯРИЛЦЛАГА БОЛЛОО. Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон 5 дахь жилдээ зохион байгуулж буй лекц ярилцлагын энэ оны дөтгөөр дугаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны 18:30-21:00 цагийн хооронд АМТ-ийн байранд боллоо. Лекц-ярилцлагын зочноор МУИС-ийн антропологийн докторант, БНХАУ-ын Хан үндэстний дунд ураг төрлийн антропологийн судалгаа хийж буй залуу антропологич ЧУЛУУНБААТАРЫН МӨНХТУУЛ уригдсан бөгөөд тэрээр Харвардын Их Сургуулийн антропологийн доктор, Хятадын антропологич Янь Юнь Сяны “Социализмын доорх хувь хүний амьдрал: Хятадын нэгэн тосгоныхны хайр сэтгэл, дотно харилцаа, гэр бүлийн өөрчлөлт /1949-1999/” номыг монгол хэлнээ орчуулан, антропологи сонирхогч хэн бүхний гарт хүргэж байгаа билээ. Эл ном Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс эрхлэн гаргадаг “Monograph Series” эрдэм шинжилгээний цувралын Volume 7 болж хэвлэгдэн гарч байгаа юм. Тэрээр лекцийнхээ эхний хэсэгт чухам яагаад Хятадыг сонирхон судлах болсон, яагаад дээрх номыг орчуулах болсон талаараа ярилаа. - Би 2005 онд МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимд элсэн орж, 2009 онд төгссөн. 2011 онд тус тэнхимдээ магистрын зэрэг хамгаалсан. - Доктор Д. Бум-Очир багшийг даган олон хээрийн судалгаанд явж байсан. Нэг удаа Чойр луу явахдаа Улаанбаатар- Сайншанд- Чойрыг холбосон зам тавьж байх үед уг замыг барьж байсан Хятад болон Солонгос ажилчдад биеэ үнэлдэг эмэгтэйчүүд байдаг гэдгийг сонсоод тэдэнтэй уулзаж, судалгаа авахаар болсон. Анхны айл болох дөнгөж төрсөн монгол эмэгтэй, нэлээд настай хятад эрэгтэй хоёрын гэрт орох үед миний бодол орвонгоороо өөрчлөгдөж, тэр үеэс эхлэн монголчууд яагаад хятадуудын тухай үргэлж нэг өнцгөөс хардаг юм бэ, энд ерөөсөө биеэ үнэлэлт байхгүй, гэр бүл байна шүү дээ гэсэн бодол төрсөн юм. - Ингээд би “иргэний гэр бүл” гэсэн эл үзэгдлийг судалсан. “Иргэний гэр бүл” гэдэг нь төрийн ямар ч оролцоогүй, иргэд хоорондоо гэрлэн амьдарч байгааг хэлж байгаа юм. - Дараа нь би урд хөрш рүү суралцахаар явсан. Кэмбрижийн Их Сургуулийн антропологийн профессор Каролин Хамфрей багшийн шавь, ӨМИС-ийн багш, антропологич Насанбаяр багшийн шавь болж, тэнд 1 жил хятад хэл үзээд, 2013 оны 9 дүгээр сард анхны бие даасан хээрийн шинжилгээ хийх үед багш маань маш олон номын жагсаалт өгсөн. Би тэр үед энэ номуудаас нэгийг ч гэсэн орчуулах юм сан гэж бодож байсан. Тэгээд тэр дундаас энэ номыг сонгосон учир нь, хээрийн шинжилгээ хийх арга зүйн хувьд, нэг хийсэн судалгаагаа дахин эргэн задлах явж зэргээрээ содон байсанд байгаа юм. - Энэ номыг орчуулах ажлыг багаараа нэг жилийн хугацаанд хийлээ. Лекцийн дараагийн хэсэгт “Төр ба Өвөө: Зүүн хойт Хятадын гэр бүлийн гишүүдийн улс төр, эрх мэдэл, хүчний харилцаа” сэдвийн хүрээнд: - Хятадын гэр бүлийн бүтэц дэх өвөө гэж хэн бэ?, өвөөгийн байр суурь яагаад унасан бэ?, энэ унагаасан харилцаагаа яаж тайлбарлаж байгаа вэ? гэдэг талаар ярья. - Барууны антропологийн судалгаанд байдаг patriarch /эцгийн эрхт ёс/-ыг Хятад болон Монгол гэх мэт дорно дахины ард түмнүүдийн гэр бүлийн тогтолцоонд хольж хэрэглэх нь буруу юм. Тухайлбал, Монголд судалгаа хийсэн Английн антропологич Мэри Мэттэ Хай-ийн “Аюултай хишиг” номын том алдаа нь энэ байсан. Яг ийм алдааг Хятадын ураг төрлийн судалгаанд их гаргасан байдаг. - Гэхдээ “өвөө” бол эцгийн эрхт ёсыг хэрэгжүүлэхгүй ч тэр хүн “өрхийн тэргүүн” мөн. - Өвөөг өрхийн тэргүүн бөгөөд гэр бүлийн гол зангидагч байлгаж байгаа гол зүйл нь “Ёслол” юм. Өөрөөр хэлбэл, уламжлалт нийгэм дэх өвөг дээдсийг шүтэх, настай хүнийг шүтэх үзэл нь тэднийг хүчтэй болгодог бөгөөд бүхий л ёслолын зүйлсийг эр хүн хийдгээрээ онцлогтой байдаг. - Гэтэл энэ өвөөгийн байр буюу Хятадын уламжлалт ураг төрлийн байр байдал юунаас болж өөрчлөгдсөн бэ гэдгийг дараах хэдэн зүйлээр авч үзэж болно. Үүнд: Өнгөрсөн 100 жилийн дотор Хятад төдийгүй Ази даяараа нийгмийн байр байдал ихээхэн өөрчлөгдсөний дотор Хятадын хувьд “газар шорооны хувьсгал” болж, баян хүмүүсийн мэдэлд байсан газрыг бүх хүн хуваан эзэмших болсон. Газар эзэмшиж байгаа баян гэр бүлүүдийн доторх “өвөө”-гийн байр суурь их хүчтэй байсан байгаа юм. Гэтэл тэр газрыг нь бүх хүнд хуваагаад өгчихөөр “өвөө”-гийн хүч дагаад буурсан. “Мөн 4 дүгээр сарын 5-ны хөдөлгөөн”- өөр Хятадад ядуус нь баячуудыг, доодос нь дээдсээ шүүмжилсэн юм. Хамтралжилт гэдэг зүйл бас их нөлөөлж, Хятадын ураг төрлийн системийг задалсан. Мөн тэр үед Хятадын төр өөрсдийн байгуулсан шинэ төрийг хүчтэй болгохын тулд залуучууд болон эмэгтэйчүүдийг дэмжин гаргаж ирсэн юм. Хамтралын үед хятадын насанд хүрсэн эр хүний тоогоор газрыг хуваан өгсөн. Ингэснээр хүн бүр ашгийн төлөө хөөцөлдөх болж, эл эдийн засгийн нөхцөл байдал нь “Төр” болоод “Өвөө”-г хүрээллээс гаргасан. Соёлын хувьсгал бол Хятадын түүхийн хар толбо байсан. Энэ үед гэр бүлийн доторх гишүүд хэн хэндээ итгэх итгэлгүй болсон. Бүр даамжраад аав нь хүүгээ, хүү нь аавыгаа барьж өгч байсан. Энэ нь нэгдүгээрт, өрх гэрийн харилцааг задалсан, хоёрдугаарт, авилгал гэдэг зүйл бий болсон. Орчин үеийн Хятадын нийгэмд хэн нэгнийг хооллох, дайлах их чухал болсон. Гэвч энэ харилцаа дандаа ураг төрлийн гадуур байгаа. Уламжлалд бол ахмад үеэ хооллох, дайлах хамгийн чухал байсан. Энэ нь тахилга, өргөл, мөргөлөөр илэрдэг. Өвөөгийн байр суурь унасан нэг шалтгааныг “жижиг хаан”-тай холбон ойлгож байна. Энэ тухай Нобелийн шагналт зохиолч Мо Яны “Мэлхий” романаас уншиж болно. Хятадын төрийн бодлогоор айл бүр нэг хүүхэдтэй болсон нь “жижиг хаан”-ыг бий болгосон. Гэр бүлийн гишүүд ганц хүүгээ өвөөгийн байр суурин дээр аваачиж тавьсан. Дагаад “жижиг хаан”-ыг төрүүлсэн бэрийн байр суурь бас өссөн. Өвөөгийн байр суурь унахад бас нэг нөлөөлсөн хүчин зүйл бол даяарчлал ба индивидуалчлал юм. Даяарчлалын үед залуу үеийн гарт мэдлэг ба хүч оршиж байна. Энгийнээр хэлэхэд, гар утсыг ашиглаж чадаж байгаа хүнд хүч байдаг. Лекцийн дараагийн хэсэгт оюутнуудын тавьсан олон асуултад хариулсаар лекц-ярилцлага 21:00 цагт өндөрлөв. Тайлан бичсэн: М. Пагмадулам 2015 оны 10 дугаар сарын 29 13:00

Хүсэлт илгээх