card

Word of the " Satsal and Myalaalga"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан 5 дахь жилдээ хэрэгжүүлж буй “ОЮУТАН СУДЛААЧ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулдаг лекц-ярилцлагын энэ хичээлийн жилийн хоёр дахь лекц “Сацал, мялаалгын үгс аман зохиолын төрөл зүйл болох нь, түүний бүтэц, уран сайхны онцлог” сэдвээр боллоо. Лекцийг ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн Аман зохиол судлалын секторын ЭША, хэлбичгийн ухааны доктор Чулууны Заяасүрэн уншлаа. Лекц 18:40 цагт эхлэв. Лекцийн эхний хэсэгт тэрээр, - “Монгол аман зохиолын бага төрөл зүйлүүд болох дом шившлэг, сацал, мялаалгын үг, жороо үг, хүүхдийн үг гэх мэт төрлүүдээс сацал, мялаалгын үгийг сонгон авч судлах болсон. Сацал, мялаалгын үгийн төрлөөр арвин их эх хэрэглэхүүн цуглуулсан бөгөөд МҮНС-аас 8 сацлын судар олдсон. - Сацал, цацал гэдэг хоёр үгийг ялгах нь зүйтэй юм. “Цацал” гэвэл ус, шороо, үнс гэх мэтийг цацах хараалын шинжтэй үйлийг хэлнэ. Харин “Сацал” бол сайн сайхныг бэлгэдэн, сүү, идээ ундаагаа өргөхийг хэлнэ. - Сацлын зан үйл нь бөө мөргөлөөс ч өмнөх монголчуудын язгуурын байгалиа шүтэх шүтлэгээс эхтэй бөгөөд шарын шашны дэлгэрэлтийн үед “сэржим” болж хувирсан байдаг. - Сацал, мялаалгын үгсийг ажиглахад холбоо, хоршоо үг нэн арвин байсан. Үүнийг бид бүрэлдэхүүнээр нь авч үзэхэд 2 ба 3 бүрэлдэхүүнт хоршоо үг хамгийн их байсан. - Сацлын зан үйл дэх бэлгэдлийн тухай авч үзэхэд, зүг чигийн хувьд зүүн, өнгийн хувьд цагаан, зүсмийн хувьд хар ба цагаан, тооны хувьд 29, 39, 49 гэсэн тоонууд зонхилж байдаг. Эд зүйлийн бэлгэдлийн хувьд, монголчууд 9 нүдтэй сацлын халбагыг өргөн хэрэглэдэг ба Алтайн Урианхайчууд 13 нүдтэй сацлын халбага хэрэглэж байсан гэсэн аман мэдээ бий. - Сацал болоод мялаалгын үгсийн ялгаатай тал нь, сацал нь голдуу нүдэнд үл үзэгдэх далдын хүчинд зориулагддаг бол мялаалга нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэж буй бодитой зүйлст зориулагдаж байдаг. Харин адил тал нь, хоёулаа итгэл бишрэлийн үүднээс идээ ундааныхаа дээжийг эрхэмлэн шүтэж, сайн сайхныг хүсэн гуйж байгаагаараа адилхан байдаг юм. - Сацлын олон судруудын агуулга нь тун адил байдаг бөгөөд ерөнхийдөө хавар зуны их ган гачиг, өвлийн зуд турхныг үзүүлэхгүй байхыг гуйсан шинжтэй байдаг. Сацлын судруудад хамгийн их давтагдаж буй үгсийг нарийвчлан гаргахад “Тэнгэр” хэмээх үг хамгийн олон тохиолдож байлаа. Тухайлбал, “Гүүний үрс гаргах” сацлын сударт 23 удаа орсон байдаг. - Сацлын судрууд нь барласан хэлбэрээр бус, бичмэл судрууд байдаг нь сацал, мялаалгын үг амаас ам дамжин хөгжсөнийг баталдаг. - Шүлэглэл зүйн хувьд уламжлалт хос холбоц, дөрвөн мөрт шүлэг их байдаг. Уран яруу хэрэглүүрээс адилтгал, зүйрлэл, хэтрүүлэл, ахиулал, чимэг үг зэргийг хэрэглэсэн байдаг. - Мялаалгын үг нь дотроо хүүхдийн дээл, баривч, зэр зэвсэг мялаах гэх мэт төрлүүдтэй. Хүүхдийн дээл, баривч мялаахад хамгийн түгээмэл орсон мал бол хонь, адуу хоёр байсан нь монголчуудын халуун хошуутай мал хэмээн үздэгтэй холбоотой. Сацлын судар дотор ямааны судар огт байгаагүй. - Алдартай уул хайрхан, ус мөрний сацлын судрууд элбэг байдаг. Тухайлбал, “Гурван голын сацал” буюу Хануй, Хөнүй, Тамир гэсэн Архангай аймгийн гурван гол, “Ховд голын сацлын судар”, “Баянзүрхийн сацлын судар”, “Өндөр Хөхүйн овооны сацлын судар”, “Зотол ханы сан сацлын судар” гэх мэт судрууд байдаг бөгөөд үүнд байгалийн зураглалыг маш яруу тансагаар илэрхийлсэн байдаг. - “Сацлын бичиг хэмээх судар” нэрт сударт, Монгол орны хамгийн алдартай уул хайрхан, ус мөрнийг баруун талаас зүүн тал руу нь дурдан тоочсон байдаг. Энэ сударт нийт 45 газар нутгийн нэр бий. - Сацлын үгтэй холбоотой нэрсийн хэлхээ хийж байхад хамгийн их дурдагдаж буй тэнгэрүүд нь Милаан тэнгэр, Хан Мөнх тэнгэр, газар усны нэрээс Алтай, Хангай, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Туул гэсэн нэрс байсан. - Гэрийн ерөөл дотор мялаалгын үгс маш өргөн тохиолддог учраас ерөөл болоод мялаалгыг салгаж ойлгоход нэлээн төвөгтэй байдаг. - Судалгаа хийж байгаа хүн бол эх хэрэглэгдэхүүнээ сайн цуглуулах, номзүйг сайн шүүх нь хамгийн чухал юм. Соронзон хальсны бичлэгийг олон цагаар сонсож байхад монгол хүмүүсийн сэцэн билигийг гайхан биширч байсан” хэмээн ярилаа. Лекцийн хоёрдугаар хэсэгт оюутнууд Ч. Заяасүрэн доктороос сонирхсон асуултуудаа асууж, хариулт авлаа. Оюутан судлаачид: - Сацал, мялаалгын үгэн дэх хүүхдийн хүмүүжлийн тухай санаа, - Сацал, мялаалгын үгийн дүрслэх ур маяг, - Бусад үндэстний энэ төрлийн үгтэй харьцуулсан эсэх - Чингис хааны үеэс хийж ирсэн “Дөрвөн цагийн хурим”-ын тухай, - Баатарлаг тууль доторх сацал, мялаалгын үгийн тухай олон асуулт тавьж, сонирхолтой хариултууд авлаа. Лекц-ярилцлага 20:15-д өндөрлөлөө.

Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2015.10.15 10:30

Хүсэлт илгээх