"Scientific method and some problems with religious studies"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 2015 оны 4 сарын 8-ны лхагва гаригт “Оюутан судлаач” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ээлжит лекц ярилцлагад ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн ахмад ажилтан, судлаач Адиатуллагийн Жамбал багш уригдан, “Шинжлэх ухааны судалгааны арга зүй ба шашин судлалын зарим асуудал” сэдвээр лекц уншлаа. Лекц ярилцлага 18:30-д эхлэв. Лекц ярилцлагын эхний хэсэгт эрдэм шинжилгээний ажил сонирхон судалж буй оюутан залууст хандан шинжлэх ухааны судалгааны арга зүйн талаар: Нийгмийн шинжлэх ухааны судалгааны гол зүйл бол сэтгэн бодох, хийсвэрлэл /абстракт/ байдаг. Судалгааны ажлын хамгийн эхний шат нь “сэдэв сонгох” гэж хэлээд байгаа “шинжлэх ухааны асуудал үүсэх тохиолдол” байдаг. Үүн дээр маш их анхаарах хэрэгтэй. Учир нь “хуурамч асуудал” гэж зүйл бий. Хуурамч асуудлыг судлаад яваад байвал, эцэст нь хуурамч үр дүн л гардаг. Жишээ нь, “XIII зууны үеийн ардчилал”-ын тухай гэвэл “хуурамч асуудал” болно. “Орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж” байсан тэр цагт ямар ч ардчилал байхгүй гэж би үзнэ. Дараагийн шатанд баримт цуглуулах ажил хийнэ. Үүнд, урьд өмнөх судлаачдын хийсэн шинжилгээ, судалгааг нэгтгэн цуглуулах, архивт суух зэрэг орно. Архивын баримт материал бол тун чухал бөгөөд жишээ нь, 1944 онд академич Б. Ринченгийн орос хэлээр бичсэн тайлан захидал гарч ирж байх жишээтэй. Энэ бол гайхамшигтай зүйл. Гуравдугаарт, цуглуулсан баримт материалаа боловсруулна. Энэ шатанд хоёр зүйл тохиолддог нь баримтандаа дарагдах, онолын хүрээнд боловсруулахдаа будилдаг явдал юм. Тиймээс онол, баримт хоёрыг онолдуудах хэрэгтэй байдаг. Дөрөвдүгээрт, шинжлэх ухаанб аргазүй, зарчим, арга гурвыг нарийн ялгах хэрэгтэй. Аргазүй гэдэг нь ямар онолыг ямар аргаар, аль талаас нь, хэзээ судлах вэ гэдэг цогцыг хэлдэг. Зарчим гэдэг нь уг асуудалд эерэгээр хандах уу, сөргөөр хандах уу, аль алинаар нь хандах уу гэдгийг хэлнэ. Судалгааны аргыг эмпирик, логик, ерөнхий гэж гурав ангилна. Судалгаа хийж байгаа хүн судалгаагаа урсгалаар нь биш, үргэлж ухамсартайгаар хийж байх нь чухал. Мөн шинжлэх ухааны хэл найруулга бол тод, ойлгомжтой, яруу байх ёстой. Лекц-ярилцлагын дараагийн хэсэгт шашин судлалтай холбоотой зарим зүйлсийн талаар ярилаа. Шашныг судлахдаа шашны зүгээс бус хөндлөнгөөс тайлбарлаж байх ёстой. Шашин судлал нь шашны түүх, шашны философи, шашны фенеменологи, шашны сэтгэл судлал гэх мэт олон салбартай. Монгол улсын хувьд олон шашныг зохицуулж ирсэн туршлага бий. Шашныг зохицуулж байх хэрэгтэй. Жнь: XIII зуунд хэтэрхий олон бөө нэр бий болоод, түүнийг нохойн баас шатааж, утаанд нь оруулж байсан түүх байдаг.“Шашин бол ард түмний хар тамхи” гэж хэлсэн К. Марксын үгийг “Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” хэмээн сөргөөр ашигласан байдгийг дурдууштай. Лекц 21:10-д өндөрлөв.
Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2015. 4. 9 11:45