"Research writing"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс 2015 оны 3 сарын 25-ны лхагва гаригт “Оюутан судлаач” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ээлжит лекц ярилцлагад Боловсрол судлалын Хүрээлэнгийн мэргэжилтэн, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор Дийзгарын Баттогтох уригдан, “Эрдэм шинжилгээний хэл, найруулга” сэдвээр лекц уншлаа. Д. Баттогтох нь 1990 онд “Монгол бичгийн заах аргын уламжлал, шинэчлэл” сэдвээр сурган хүмүүжүүлэх ухааны доктор болжээ. Лекц ярилцлага 18:30-д эхлэв.Лекц ярилцлагын эхний хэсэгт эрдэм шинжилгээний ажил сонирхон судалж буй оюутнуудад хандан: Судлаач болох гэж зорьж байгаа хүн бол номоос салж болохгүй. 1915 оны Гүн Бат-Очирын “Мандах нарын туяа” сургаалийн зохиолд “Бичиг үсэг үзээчин бол нүдийг бичиг үсгээс бүү салгагтун”гэж байдагчлан сайн номыг үргэлж уншиж байх хэрэгтэй.
• Ном уншихад:
1. Ном үзэх ёсон
2. Номд орох ёсон
3. Номыг үзэж туулахын ёсон
4. Номд солгойрох /цолгорох/ ёсон
5. Номын үр шимийг хүртэх ёсон гэсэн дэс дараалалтай байдаг.
• Монгол ардын зүйр үгэнд “Номын гэрийн нохой нь хүртэл – ийн -ун гэж хуцдаг”, “Номын гэрийн нохойн чих нь цайдаг” гэх мэт үг байдаг нь номын их хүч чадлыг харуулдаг юм гэх мэт сургамжит зүйлийг ярилаа. Дараагийн хэсэгт Д. Баттогтох багш эрдэм шинжилгээний хэл найруулга, түүний төрлүүдийн талаар ярилаа. Үүнд:
• Хүмүүний хэл нь аман хэл, бичгийн хэл гэсэн хоёр хэсэгт хуваагдах бөгөөд бичгийн хэлийг л сайн сурах хэрэгтэй.
• ЭШ-ний найруулгаар бичдэг зохиол бүтээлийг дотор нь:
1. Жинхэнэ зохиол /суурь болон хавсарга/
2. Нийтлэг зохиол
3. Сурах бичиг
4. Мэдээллийн зохиол гэж ангилдаг бөгөөд эрдэм шинжилгээний зохиолд нэг сэдэвт зохиол, диссертаци, дипломын ажил, ангийн ажил, реферат, өгүүлэл, илтгэл, шүүмж, хураангуй зэрэг орно.
• ЭШ-ний ажил хийж буй хүн сэдвээ зөв томьёолох нь судалгааны ажлынхаа 30%-ийг хийсэнтэй тэнцүү болно. Сэдэв сонгохдоо, хэтэрхий их маргаантай сэдэв болон шинэ атар сэдэв сонговол хэцүү талтай.
• ЭШ-ний ажилд номзүй хийх, хүний зохиол бүтээлд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй гэх мэт үнэтэй зөвлөгөө олныг өглөө.
Лекц ярилцлагын төгсгөл хэсэгт оюутнууд олон сонирхолтой асуулт тавив. Тухайлбал, оюутан Н. Баяртуяагийн багшийг шүтэх ёсны тухай асуултад: “Хүн аав ээжээ биеийг нь төрүүлсэн ачийг бодож 2 мөрөн дээрээ авч явдаг, багшийгаа оюуныг нь төрүүлсэн учраас тэргүүн дээрээ авч явдаг. Багшийгаа бол гэмийн талаас харахгүй, эрдмийн талаас л харна” гэх мэтээр хариуллаа.
Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2015. 3. 26 11:45