card

Research case of Oirat Mongols

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Лхагва гариг бүрт зохион байгуулдаг лекц- ярилцлага 2014 оны 11 сарын 26-нд боллоо. Лекц-ярилцлагыг МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш, Түүхийн ухааны доктор, “Тод номын гэрэл” ТББ-ын тэргүүн На. Сүхбаатар “Ойрад Монголын түүх, соёлын судалгааны төлөв байдал ” сэдвээр хийлээ. Лекц ярилцлага 18:30-д эхлэв.
Лекц-ярилцлагын үеэр:
• Аливаа сурвалжийг уламжлалт болон үлдэгдэл гэж хоёр ангилдаг бөгөөд уламжлалт нь зориудаар бичиж өвлүүлснийг хэлэх бол, үлдээсэн гэдэг нь түүхийн үйл явдалд дунд огт санамсаргүйгээр үлдэж хоцорсныг хэлдэг байна. Мөн “түүхийн олон сурвалжуудад байгаа зохиогчийн хувийн санааг цэвэрлэх нь түүхч хүний үүрэг” хэмээн хэлсэн юм.
• Сурвалжийг уншихад эхлээд текстийг харах боловч давхар санааг байнга ухаж байх хэрэгтэй. Ойрадын түүхийн тод үсгээр бичигдсэн 11 сурвалж байдгаас 5-ыг нь эмхтгэн гаргаад, үлдсэнийг нь бэлтгэж байгаа, нийтдээ энэ чиглэлийн судалгааны 12-13 ном бүтээлийг бичиж хэвлүүлсэн байна.
• Ойрадын түүхийн хамгийн том сурвалж бол “Монгол- Ойрадын цааз”, Зая бандид Намхайжамцын “Сарны гэрэл” хоёр юм. Тухайлбал, “Сарны гэрэл”-д Ойрадын түүхийн 40 жилийг багтаасан бөгөөд 244 хүний нэр, 204 газар усны нэр багтсан байдаг байна.
• 1600 оны байдлаар Ойрадууд 40 отог байсан бол, өнөө цагт Ойрад угсааны 11 бүлэг байгаа ба үүнээс хамгийн олон жилийн насжилттай нь Дөрвөд, хамгийн бага насжилттай нь Баяд, Захчин юм байна. Мөн өнөөг хүртэл Дөрвөд, Баядын угсаатны бүлгээр ганц сэдэвт зохиол гараагүй байна.
• Соёлын хувьд Ойрадын угсаатны соёл нь Казах нарын соёлтой маш ойролцоо учраас Ойрадууд хаана байна? Тэнд Казахууд байсаар байдаг байна.
• Шашин суртхууны хувьд Төвдийн 4 том хийдийн Ра толгойт хийдээс уламжилсан сүм хийдүүдтэй байсан ба Ойрадын бүх сүм хийд Ра толгойт байдаг байна. Одоогийн Казакстаны нутаг дэвсгэрийн 60%-д нь Ойрадын сүи хийдийн үлдэгдэл байдаг. Мөн Ойрадууд шашиндаа сүсэглэх бага, хүндлэх их байдаг онцлогтой ажээ.
• Зая бандид Намхайжамцын зохиосон “Тод үсэг”-ийн хувьд Манж- Оросын анхны хэлэлцээрт харилцаж байсан бичиг бөгөөд Ойрадын түүх соёл, үсэг бичгийг оюутан залууст таниулах, судлуудах зорилгоор “Тод дөрвөлжин” нэртэй клубыг санаачлан ажиллуулж байгаа юм байна.
• Оюутан залууст хандаж тэрээр судлаач хүнд 3 зүйл байх ёстойг захиж хэлсэн юм. Үүнд:
1. Сэдэвтээ эзэн байх хэрэгтэй.
2. Соён гэгээрлийг зохион байгуулах ёстой.
3. Хойч үеэ бэлтгэж байх ёстой юм байна.
• Судлаач хүнд, ялангуяа түүхч хүнд газарзүй, байгаль цаг уурын мэдлэг туйлаас чухал болохыг анхаарах хэрэгтэй хэмээн На. Сүхбаатар хэлсэн юм.
Лекц-ярилцлага 20:30-д өндөрлөв.
Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2014.11.27 12: 00

Хүсэлт илгээх