"Bayan nuuriin ulaan khermiin shoroon bumbagar: New archaeological, historical and cultural artifacts of nomads in VII century"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Лхагва гариг бүрт зохион байгуулдаг лекц- ярилцлага 2014 оны 12 сарын 03-нд боллоо. Лекц-ярилцлагыг Түүхийн Ухааны доктор, профессор А. Очир “VII зууны үеийн нүүдэлчдийн түүх соёлын шинээр олдсон дурсгал: Баян нуурын улаан хэрмийн шороон бумбагар” сэдвээр хийлээ. Лекц ярилцлага 18:40-д эхлэв. Лекц-ярилцлагын эхний хэсэгт профессор А. Очир багш Булган аймгийн Баян нуурын шороон бумбагарын археологийн малтлагын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Үүнд: Энэхүү дурсгалыг 2001 онд олсон бөгөөд малтлагыг БНКазакстан Улстай хамтран 2011 оны 7 сарын 6- 11 сарын 1 хүртэл хийсэн байна. Шороон бумбагарын үүдэвчийг эхлээд малтсан ба 1,8 метрийн өргөнтэй, 2 метрийн өндөртэй хонгил байжээ. Бунхан нь 2 давхар модон хаалгатай, хоёр дахь хаалганы өмнө түлхүүр нь 3 ширхэг байсан байна. Үүнийг VII зууны сүүлийн хагасын булш хэмээн тогтоожээ.
Энэхүү малтлагаар шавар эдлэл, алтан эдлэл, бусад металл эдлэл, ханын зургуудыг нээн илрүүлсэн байна. Эдгээр олдворыг Япон Улсын Сумитома сангийн дэмжлэгтэйгээр Соёлын Өвийн Төв сэргээн засварлажээ.
Шавар эдлэлийн хувьд 50 өөр өөр хүний дүрстэй шавар баримлууд, Махаранз бурхан, хуягтай морь, нохой, хонь, гахай, тахиа, шавар арслан болон бусад домгийн амьтдын баримлууд гарчээ. Эдгээр домгийн амьтдыг талийгаачийг хамгаалах утга бэлгэдлээр хийсэн гэж үзсэн байна.
Алтан эдлэлийн тухайд, алтан титэм гарсан бөгөөд хээг нь шинжлэн үзэхэд бүсэлхийнээс доош хэрэглэдэггүй, эрч хүч бэлэглэдэг Энэтхэгээс гаралтай хээ хэмээн тогтоосон байна. Хятадууд энэ хээг эрдэнийн хээ гэдэг бөгөөд ургамалжин хээ юм. Алтан титмийг зөвхөн хаан юм уу ханхүү л өмсдөг учир энэхүү булшийг маш том язгууртны булш гэж тогтоожээ.
Мөн эртний Грек, Ром болон бусад улсуудаас ирсэн зоос гарчээ. Үүнд 57 алт, 2 мөнгө, 1 хүрэл, нийтдээ 60 ширхэг зоос олдсон байна. Эдгээр зоосноос олж тогтоосон нэг онцлох зүйл нь тэр үед Дундад Азид дэлгэрч байсан Маанийн шашин буюу Манхэзмийн шашны гол зан үйл болох галын тахилгыг үзүүлсэн зооснууд байжээ.
Мөн маш том хэмжээтэй алтан бугуйвч, усан болортой алтан бөгж, алтан сав, алтан бумба, алтан хээнүүд, үхрийн дүрстэй алтан тодруу, чимэглэлүүд гарчээ. Эдгээр дурсгалын 60% орчмыг цэвэрлэж сэргээн засварлаад байгаа юм.
Үсний хатгуур гэх мэт төмөр эдлэл, модоор хийсэн жижиг хэмжээтэй эмээл хазаар, хударга хөмөлдрөгтэй морь, тэрэг зэрэг модон эдлэлүүд ч гарсан байна.
Зөвхөн суурин иргэншилтэй байсан улсуудаас олддог хэмээн ойлгож байсан бунхны ханын асар том хэмжээтэй зургууд энэхүү бунхнаас олдсоноороо нүүдэлчдэд бас бунхны ханын зураг байжээ гэдгийг харуулсан том нээлт болж чаджээ. Энэхүү ханын зургуудад: цагаан барын зураг/7 метрийн урттай/, эмээлтэй хазаартай морьтой хүмүүс, сүмийн зураг, согд малгайтай морь хөтөлсөн хүний зураг, зугаалж яваа эр эм хүмүүсийн зураг, агсарга бүстэй хүний зураг, бүжиглэж байгаа хүний зураг, хөх луу гэх мэтийг дүрсэлсэн байжээ.
Энэ шороон бумбагарын хамгийн гол онцлогуудын нэг бол бүтнээрээ байсанд оршиж байна. Мөн дарагдсан хүний ясыг олсон байна. Лекц- ярилцлга 20:40-д өндөрлөв. Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2014.12.05 12: 00