card

"Ethnicity and citizenship in Mongolia"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Лхагва гариг бүрт зохион байгуулдаг лекц- ярилцлага 2014 оны 11 сарын 19-нд боллоо. Лекц-ярилцлагыг “Гараг” продакшний захирал, сэтгүүлч, аялагч, судлаач, яруу найргийн “Зүс бүгэг андууд” бүлгэмийн гишүүн Г. Бадамсамбуу “Монгол угсаатан, иргэншил” сэдвээр хийлээ. Лекц ярилцлага 18:40-д эхлэв. Лекц-ярилцлагын эхний хэсэгт:

Монгол угсаатны гарал үүсэл, бүрэлдэн тогтсон явц;

Монгол хэл, соёлын ижилсэл,  ондоошил;

Монголын супер эзэнт гүрэн;

Байгаль, цаг уурын онцлог, түүнд тохирсон аж ахуй;

Нүүдлийн иргэншил;

Монголын газарзүйн онцлог, эдийн засгийн хил хязгаар;

Үндэстний насжилт, уналт;

Шашин, сэтгэхүй;

Дэлхийн судлаачдын монголчуудын талаарх үнэлэлт, дүгнэлт

Монгол хүний онцлогийн талаар дэлгэрэнгүй ярилаа. Зарим нэг зүйлсийг тодруулбал,

“Монголчуудын хэлний хөгжил, хувьслын хувьд 4000 жилийн өмнө Алтай язгуурын хэлний том бүлэг бүрэлдэн бий болсон бөгөөд одоо цагт үүнийгээ хамгийн сайн мэддэг нь Турк, Солонгос хоёр байгаа;

А. Тойнби монголчуудыг ширэнгэн ойн бүхнээр хооллогчидтой /omnivores/ адилхан хүмүүс хэмээн бичиж байсан. Гэвч тэр үед О. Латтиморын ном зэрэг гарч байсан учраас монголын эзэнт гүрэн байсныг мэдээд монголчуудыг арай өөр зэрэгт хүргэн бичиж байсан;

Еврази дээр нэвтрэхэд маш бэрх хэсэг газар байдаг  бөгөөд үүнд монголын газар нутаг бүхлээрээ багтаж байгаа. Энэхүү нэвтрэхэд нэн бэрх газрыг тойрон эргэсэн их эргэлт нь худалдаа, эдийн засаг, соёлын асар том эргэлт болох бөгөөд магадгүй монголд нөлөөлөх юм.

Магадгүй монголчуудын нүүдлийн мал ахуй аж бол 50 жилийн дараа гэхэд бүрэн устана. Учир нь нүүдлийн мал ахуй  өөрийн гэсэн дотоод хурдаар маш тайван явдаг аж ахуй бөгөөд дэлхийн хурдацтай өөрчлөлтөд энэ аж ахуй удаан тогтнож чадахгүй” хэмээн ярилаа.

Дараагийн хэсэгт тэрээр “Дээд Туулын Гурван улхуны дэвсэх саглагар мод хаана вэ?” хэмээх түүхэн баримт судалгааны шинэхэн бүтээлийнхээ талаар ярьсан юм. Энэхүү бүтээлийн гол санаа бол “Гурван гол буюу Хэрлэн, Онон, Туулын Ононгийн арал газар буюу шүтээний газар нь Дэлүүн болдог, Хэрлэнгийнх Хөдөө арал байдаг бол Туулын шүтээний газар хаана вэ? Гэдгээс эхэлсэн бөгөөд энэхүү санаагаа батлахын тулд туг сүлдний өчиг буюу “нууцын судар”, Гурван зуун Тайчуудыг дарсан домог”, “МНТ” зэргээс баримт хайн, энэ нь одоогийн Дээд Туулд байсан бөгөөд гурван зуун Тайчуудыг дарсан үйл явдал тэнд болсон” хэмээн дүгнэснээ ярилаа.

Оюутан судлаачид түүнээс олон зүйлийг асууж ярилцмаар байсан хэдий ч цаг орой болсон тул лекц-ярилцлагаа 22: 00 цагт өндөрлүүллээ.

Мэдээ гаргасан: М. Пагмадулам           2014.11.06   12: 00

Хүсэлт илгээх