""The government policy for developing Mongol Studies"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Лхагва гариг бүрт зохион байгуулдаг лекц- ярилцлага 2014 оны 11 сарын 05-нд боллоо. Лекц-ярилцлагыг Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийн Нарийн бичгийн дарга, МУИС-ийн дэд профессор Д. Заяабаатар “Монгол дахь Монгол судлал, Монгол судлалыг хөгжүүлэх төрийн бодлого” сэдвээр хийлээ. Лекц ярилцлага 18:30-д эхлэв.Лекц-ярилцлагын эхний хэсэгт Д. Заяабаатар багш Монгол судлалд тулгарч буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц, төлөвлөгөөг танилцууллаа. Энэхүү төлөвлөгөө нь 2014-2018 онд хийгдэх ажлын төлөвлөгөө юм байна. Үүнд:
Монгол судлалд тулгарч буй асуудлууд:
Нэгдсэн бодлого байхгүй байгаа;
Суурь судалгааны үнэ цэнт бүтээлүүд маш ховордсон, гарахаа больсон;
Судалгааны чанар муудсан, тоо нь олширсон; /ганц сэдэвт зохиолоос гадна ЭШБ-үүдийн өгүүллийн чанар муудсан, шалгуур үзүүлэлт байдаггүй/
Гадаадын монгол судлалын хувьд зогсонги байдалтай болсон, монгол судлалаар суралцах хүсэлтэй оюутнуудын тоо нь багассан, сэдвийн явцуурал бий болсон байдалтай байгаа хэмээн ярьсан юм.
Монгол судлалын тулгамдсан асуудлаас гарах гарц:
Эрхзүйн орчин- УИХ-ын 17-р тогтоол, ЗГ-ын 143-р тогтоолоор Монгол Судлалын Үндэсний Зөвлөлийг байгуулсан;
Эдийн засгийн орчин- Ерөнхийлөгчийн 14 тоот зарлиг, ЗГ-ын 402-р тогтоолоор Монгол Судлалыг Дэмжих Сан байгуулагдсан байна.
Ажлын төлөвлөгөө: Монгол Судлалыг дэмжихэд:
Суурь судалгааны бүтээл
Эрдэм шинжилгээний сэтгүүл
Шилдэг бүтээлийн орчуулга
Сургалтын хэрэглэгдэхүүн
Төрөлжсөн номын сан
Эрдэм шинжилгээний хурал
Санхүүгийн дэмжлэг /магистрант, докторант/
Хамтын ажиллагаа
Урамшууллын тогтолцоо /Шилдэг бүтээл- 10 сая төг, (гадаад, дотоод), Шилдэг судлаач- 10 сая төг, (гадаад, дотоод)/ гэсэн ажлуудыг хийхээр төлөвлөж буйгаа танилцууллаа.
Монгол Судлалын залуу үеийг бэлтгэх талаар:
Их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг нь сайжруулах
Монгол хэлний олон улсын олимпиад зохион байгуулах
Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгох
Зуны сургуулийг зохион байгуулах
Мэргэжил дээшлүүлэх институт байгуулах гэсэн зорилготой байгаа хэмээн хэллээ.
Лекц-ярилцлагын дараагийн хэсэгт оюутнууд маш олон сонирхолтой бөгөөд оюутны талаар авч хэрэгжүүлж буй бодлого, энэ салбарын оюутанд тулгарч буй бэрхшээлийн талаар асууж, Д. Заяабаатар багш дэлгэрэнгүй хариултууд өгч байлаа. Лекц-ярилцлага 20: 30-д өндөрлөв.
Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2014.11.06 12: 00