"The international review for Mongol Studies"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Лхагва гариг бүрт зохион байгуулдаг лекц- ярилцлага 2014 оны 10 сарын 29-нд боллоо. Лекц-ярилцлагыг Олон Улсын Монгол Судлалын Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д. Төмөртогоо “Олон улсын Монгол судлалын тойм” сэдвээр хийлээ. Лекц ярилцлага 18:30-д эхлэв. Лекц-ярилцлагын эхний хэсэгт академич Д. Төмөртогоо олон улсын алдарт монголч эрдэмтдийн намтар, одоо үед монгол судлалаар дагнан ажиллаж буй нэртэй эрдэмтэд, олон улсад буй монгол судлалын төвүүд, монгол судлалын чиглэлийн сэтгүүлүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Үүнд:
Оросын Холбооны Улс- А. М. Позднеев, А. Д. Руднев, Г. Д. Санжеев, Ю. Н. Рерих, Б. Х. Тодаева, В. И. Рассадин, Ковалевский;
Америкийн Нэгдсэн Улс- В. Кливез, Н. Поппе, Д. Синор, Хангины Гомбожав, Р. Кругер, Ч. Стреет, О. Латтимор, Ж. Боссон;
Франц- П. Пеллио, Р. Амайон, Ф. Аубин, Ж. Легранд;
Герман- В. Хайссиг, Х. Витце,
Унгар- Л. Лигети, Л. Бэсэ, Ж. Кара, А. Саркози, Б. Агнес;
Англи- Ч. Бауден, Г. Клаусан;
Чех- П. Поача, Ж. Васек;
Япон- Ш. Мураяама, Мураками, Ш. Озава, М. Хашимото, Х. Футаки, К. Окада, Т. Мацукава,
Энэтхэг- Рагу Вира
Австрали- И. Рахивилз, Нарангуа гэх мэт нэрт эрдэмтдийг танилцуулаад, эдгээр эрдэмтэд монголын хэл, соёл, түүхийн судалгааг дэлхийд танилцуулж, олон улс дахь монгол судлалыг нуруундаа үүрч явсаар ирснийг онцлон тэмдэглэсэн юм. Мөн дээрх эрдэмтдийн амьдралын түүх, сонин сайхан дурсамжуудаас нь ярьсан юм.
Лекц- ярилцлагын дараагийн хэсэгт оюутнууд академич Д. Төмөртогоо багшаас сонирхсон асуултуудаа асуусан юм. Тухайлбал, Туркд монгол судлалын төв байдаг уу?, Түрэгүүдийг Монголд айлчлал хийхэд “Эх орондоо тавтай морил” хэмээн урьсныг таны хувьд юу гэж үзэж байна вэ? Таны анхны судалгааны ажил юу байсан бэ?, Яагаад судлаач болохоор шийдсэн бэ? гэх зэрэг олон асуултанд хариулт авсан юм.
Мөн академич Д. Төмөртогоо багш “Антоон Мостаэртын Монгол Судлалын Төвтэй холбогдож, судалгааны ажил хийхээр сэтгэл шулуудаад байгаа та нар бол их азтай оюутнууд юм. Антоон Мостаэрт бол агуу их эрдэмтэн хүн шүү дээ. Бельгид монгол судлал гэдэг юм байхгүй, гагц Антоон Мостаэрт л гэж байдаг” хэмээн оюутнуудад хандан хэлэв.
Чухал ач холбогдолтой, сонирхолтой сайхан лекц уншсан академич Д. Төмөртогоо багшдаа “Оюутан Судлаач” хөтөлбөрийн нийт оюутнуудын зүгээс ажлын өндөр амжилт хүсч, талархал илэрхийлж байна. Лекц-ярилцлага 20: 30-д өндөрлөв.
Мэдээ гаргасан: М. Пагмадулам 2014.11. 04 14:00