"METHODS IN THE HUMANITIES”
2023.10.19
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 13 дахь хичээлийн жилийн эхний лекц-ярилцлага 2023 оны 10 сарын 18-ны лхагва гаргийн 18:00-20:30 минутад АМТ-д амжилттай боллоо.
Лекц-ярилцлагын зочноор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Д.Уртнасан “Хүмүүнлэгийн ухааны судалгааны арга зүй” сэдвээр лекц уншихын зэрэгцээ өөрийн судалгааны онол, арга зүйн туршлагаасаа хуваалцлаа.
Лекцийн агуулгыг товч хүргэвэл:
Хүмүүнлэгийн ухаан, нийгмийн ухаан, байгалийн ухааны салбар гэж хуваагддаг бөгөөд өнөөдрийн ярих сэдэв хүмүүнлэгийн ухааны салбарын судалгааны арга зүйн тухай юм. Энэ нь шууд хүн төвтэй судалгаа гэж та бүхэн ойлгож болно. Өөрөөр хэлбэл хүний мөн чанар, амьдрал, сэтгэлгээ-хэл, урлаг, түүх, шашин, гүн ухаан гэх мэт зүйлсийг хамааруулан судалдаг.
Судалгааны арга зүйг тоон болон чанарын судалгаа гэж хоёр ангилна. Тоон судалгааны онцлог шинж гэвэл бодит байдал объектив байдлаар оршихын чацуу хэсэг бүлэгт хуваагддаг (reductoinism) гэж үздэг бол чанарын судалгаа нь бодит байдал хэсэг бүлэг болдоггүй гэж үзэн ерөнхийд нь үйл явцыг ажиглаж судалдаг.
Тоон судалгаа нь бүх хүн хоорондоо адил гэж үзэн хувь хүмүүсийн сэтгэл хөдлөлийн гэх мэт ялгаатай шинжийг хэрэгсдэггүй бол чанарын судалгаа нь бүх хүн мөн чанараар хоорондоо өөр бөгөөд ямар нэгэн онцлог нэгжид хамаарна гэж үздэг.
Тоон судалгаа нь нэг төрлийн онцлогийг биш хэсэг бүлгийн ерөнхий нийтлэгийг судалдаг. Тиймээс хэсэг бүлгийн нөхцөл байдал, мөн үзэгдэлд нөлөө үзүүлж буй цөөн тооны учир шалтгааны уялдаа холбоог эрж, тайлбарладаг арга (nomothetic mode of explanation)-ыг хэрэглэдэг. Гэтэл чанарын судалгаа нь онцлог нөхцөл байдал үзэгдэлтэй холбоотой тусгаар учир шалтгааныг нэгд нэгэнгүй олж тайлбарладаг арга (idiographic mode of explanation)-ыг ашигладаг.
Тоон судлаач объектив байдлыг эрж, дата болон материалыг ашиглана. Хэмжих багаж төхөөрөмж нь судлаачаас ангид оршдог учраас өөр судлаачийн хэмжсэнийг дахин хэмжиж болдог. Гэтэл чанарын судлаач нь хэрэглэгдэхүүнээс өөрийгөө салган ойлгож болдоггүй, судлаачийн санаачилга, оролцоо байхгүй бол хэрэглэгдэхүүн байхгүй. Судлаач өөрөө хэмжигч багаж учраас өөр судлаач тухайн судлаачийг орлож чаддаггүй.
Судалгааны уламжлалт загвар
Шинэ санаа/сонирхол→онол→таамаглах→судлах
Судалгааны загвар
Онол→таамаглах→судлах→туршилтын үр дүн (ерөнхийлөх) →Онол
Судалгааны ажил хийхийн тулд тодорхой үе шатууд, алхмуудыг хийж байдаг:
Асуудал дэвшүүлэх
Онол болон судлагдсан байдлын судалгаа хийх
Таамаглал дэвшүүлэх, бодит асуулт тавих
Судалгааны төлөвлөгөө, арга зүйг, боловсруулах
Хэрэглэгдэхүүн цуглуулах
Хэрэглэгдэхүүнийг задалж тайлбарлах
Санал, дүгнэлт гэсэн үе шатуудаар судалгааны ажлаа төлөвлөх юм.
Тэгвэл сайн судалгаа гэж ямар судалгааг хэлэх вэ гэвэл:
Судалгааны сэдэв, зорилго тодорхой байх
Дэвшүүлсэн асуудал нь онол, хэрэглээний талаас чухал байх
Судалгааны сэдэвтэй холбоотой онолын судалгаа нь тогтолцоотой байх
Судалгааны шинэ санаа маш ойлгомжтой тодорхойлогдсон байх
Таамаглал, гаргалгаа нь учир зүйн уялдаа, үндэслэл сайтай байх
Хэмжилт оновчтой, итгэмжтэй, баттай байх
Хэрэглэгдэхүүнийг задлан шинжилсэн тооцоолох арга тодорхой байх
Задлалын үр дүнг байгаагаар нь хүлээн зөвшөөрсөн байх зэргийг нягтлах хэрэгтэй.
Судалгааны асуудлыг дэвшүүлэхдээ анхаарах зүйл:
Судлаачийн идэвх зүтгэл, онол болоод бодит байдалд үнэхээр чухал асуудал эсэх
Бодит байдал дээр судалгаа хийж болох асуудал эсэх
Дэвшүүлсэн судалгааны асуудал хэтэрхий том биш байх зэргийг анхаарах хэрэгтэй.
Шинэ санаандаа тайлбар, задлал хийхдээ практикт тулгуурласан судалгааны “шинэ санаанууд” тодорхой байх нь чухал. Шинэ санааны тайлбар гэдэг нь шинэ санаанаас шинжилгээ рүү орох явцыг хэлнэ. Шинэ санаа бол хийсвэр бөгөөд тодорхой бус байдаг. Түүнийг тод томруун нарийн тодорхой болгон хэрэглээнд оруулахад анхаарах хэрэгтэй юм. Мөн тоон болон чанарын судалгаа аль нь ч бай судалгааны сэдэвтэй холбоотой онолуудыг цэгцлэхийн тулд тогтолцоотойгоор үндсэн судалгаатай танилцан, хэрэглэж буй нэр томьёо “шинэ санаа”-тай зөв уялдаж буйг хянах нь зөв юм.
Ойлголт ухагдахууны 1. Тайлбарлаж тодорхойлно. /үгийн сангийн үүднээс тайлбарлана/ 2. Нэрлэж тодорхойлно. /нэр томьёо тогтоож нэр онооно/ 3.Тохируулж тодорхойлно. /судлаач өөрийн судалгаа дахь тухайн ухагдахууны онцлог шинжийг тодотгож тайлбарладаг/ гурван төрлийн тодорхойлолт байна.
Хэмжилт нь туршилт арга зүй дээр суурилсан судалгааны хамгийн чухал хэсэг бөгөөд урьдчилсан байдлаар туршилт хийх нь хамгийн зөв юм. Учир нь агуулгыг амархан мэт харж болох ч асуулгыг боловсруулахад цаг, мөнгө, энергийг их зарцуулсан судалгаа байж болох юм.
-Түвшин/Хязгаар: Ухагдахууны хязгаарыг тогтооно. Нэг хэмжээст юмуу, олон хэмжээст юмуу?
-Шинжлэх, ажиглах: Шинжлэх шаардлага бий эсэх, ямар нөхцөлд, ямар задлалаар, ямар хэмжээсээр хийх вэ? (дарааллыг олох уу, хувь эзлэхүүнийг
гаргах уу)
-Тоон өгөгдөлд шилжүүлэх: Олж авсан дата-аа тоон өгөгдөл болгох
-Хувьсах нэгжийг тооцох: Хэр нарийвчлалтай хэмжих вэ?
-Хувьсах шалтгааныг хэмжих: Хасагдах, хүчингүй болох, дуусах
Судалгааны хэрэглэгдэхүүний задлал хийхдээ боловсруулаагүй датаг шинжлэх, тархалтын хэвийн байдлыг тогтоох, төв болон хэлбийлтийг тогтоох, төвөөс тархах байдлыг тогтоох, итгэмжтэй байдлыг тогтоох, оновчтой байдлыг тогтоох, статистик аргыг тогтоох, статистик үр дүнг хүснэгт, графикаар тодорхой үзүүлэх, гаргасан үр дүнг байгаагаар нь тайлбарлах нь чухал юм.