card

"Searching the features of the mentality, culture, cognition of the Mongols from the phrase lexicon"

   2023.02.16

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн II хагас жилийн эхний лекц-ярилцлага 2023 оны 02 сарын 15-ны лхагва гаргийн 18:00-20:30 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эх хэл бичгийн сан хөмрөг, лабораторийн эрхлэгч доктор (Ph.D) С.Энхжаргал “Монгол хэлц хэллэгийн сангаас монголчуудын танин мэдэхүй, соёл, сэтгэлгээний онцлогийг эрэх нь” сэдвээр лекц уншин өөрийн мэдлэгээсээ өргөн дэлгэр хуваалцаж, залуу судлаачдад  “яагаад” гэдэг асуултыг байнга асууж өөрийн сонирхсон зүйлээр судалгаа хийхийг захилаа.

Миний бие хамгийн анх аман зохиолын тасагт ажиллаж эхэлсэн боловч өөрөө хэл шинжлэл талдаа сонирхолтой байсан учраас хослуулан судалсан билээ. Ертөнцийн гурвыг зөвхөн  монголчууд л хэлэлцдэг өөр оронд энэ төрөл зүйл байхгүй. Оросын эрдэмтэн Н.Клюева: “Монгол ардын аман зохиолд Европ улс түмний аман зохиолд байхгүй гурамсан юмны тухай хэмээх оньсого байдаг” гэсэн нь их сонирхол татан судалгааны ажлаа эхлүүлсэн юм.

Ертөнцийн гурав нь өөртөө монгол соёл, монгол хэл, монгол сэтгэлгээг өөртөө агуулсан аман зохиолын төрөл зүйл мөн юм. Ийм ч учраас гурван зүйлийг адил төстэй аль нэг шинжээр нь холбон, уран шүлэглэсэн богино хэлбэрийн аман яруу найраг, асуулт хариултын хэлбэртэй , монголоос бусад орны аман зохиолд түгээмэл байдаггүй. Монголчуудын ертөнцийг танин мэдэх, мэдсэнээ задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, шинэ санааг илэрхийлэх сэтгэлгээний илрэл бөгөөд монголчуудын эргэцүүлэн сэтгэх үйлийн үр дүнд үүссэн хэллэг, Монгол үндэстний өвөрмөц сэтгэлгээний онцлогийг хадгалж байдаг.

 Бодитоос хийсвэрлэн сэтгэх сэтгэлгээний хөгжлийг тусгасан тухайд: Ертөнцийн гурав бол монгол хүний ертөнцийн жам ёсыг танин мэдэх гэсэн анхны оролдлого мөн бөгөөд мэдэж ухаарсныхаа хэрээр ертөнцийн гурвуудыг зохиож бүтээсэн байдаг. Ертөнцийн бодит юм дээр үндэслэж, цөөхөн тоотой байснаа, хожим олширсон төдийгүй, бас бодит явдлаас хийсвэр ойлголтод шилжиж ирсэн. Жишээ нь: Ертөнцийн гурван баян - Газар  үндсээр баян, Дэлхий өвсөөр баян, Далай усаар баян. Өөрөөр хэлбэл хийсвэр зүйл /ойлголтыг илэрхийлсэн/ мөр бадаг олширсон нь сэтгэхүйн хөгжилтэй холбоотой.

Ертөнцийн гурвын хэлний онцлог: Өгүүлбэрийн дотор орсон үгийн дэс дараа нь хэл зүйн дүрэм ёсоор сайн тохирсон тул хэлэх дуудахад урсах мэт эвтэйхэн. Бүрэн бус өгүүлбэр /өгүүлэхүүн нь далд/ байдаг.

Монголчуудын өнө эрт үүсгэн хөгжүүлсэн “Ертөнцийн гурав” нь зөвхөн монгол туургатан төдий биш, айл зэргэлдээ ба харь бусад орны ард түмний дунд амаас ам дамжин түгсэн.

Ертөнцийн гуравт монголчуудын өнгөний бэлгэдэл илэрч байдаг. Өнгө орсон нийт 207 ертөнцийн гурав байдаг. Цаашлаад дэлгэрүүлээд үзэхээр энэ бүгд үндсэн өнгө болно.

Самгард гаралтай, домгийн сэтгэлгээтэй холбоотой, хүссэн бүхнийг өгдөг нэг зүйл модны нэр аж. Дээд цаст уулнаас умар зүгт 500 бээрийн чанадад замбуутивийн хүмүүсийн эдэлдэг эрхэм мод байдаг. Уг мод нь хүний оронд ургадаг навч мөчир нь тэнгэрийн оронд тулдаг гэсэн домогтой. Хүслийг хангагч мод, тэнгэрийн мод ч гэнэ.

Монголчуудын хувьд эрдэнийн галбарваасан мод гэдэг бол Энэтхэг, Төвөдийн уран зохиол утга соёлын зүйлсээс дамжин ирж монголчуудын бичгийн болон аман зохиолд үлэмжхэн дэлгэрсэн нэгэн зүйл үлгэр домгийн мод юм. Тиймээс ч “цаглахуй санааны найлзуур модон” хэмээн нэрлэж, хэрэв түүнийг ёсоор нь баясган шүтээд, хүсэл гуйлтаа даатгавал цаглашгүй хүсэл бүгдийг гүйцэлдүүлдэг хэмээн шүтэн биширч, эрхэмлэл хүндэтгэлийн бэлгэдэл болгохын хамт санаанд багтамгүй гоёмсог сайхны төлөөлөл, жишиг хэмжүүр болгосоор ирсэн ажээ.

Монгол  “Ертөнцийн гурав”-т гоозүйн үндсэн ойлголт болох сайхан муухай, гайхамшигт, гутамшигт, цэгц, цэмцгэр байдлын тухай ард түмний үзэл бодол шууд туссан байдаг. Гоо сайхан гэдэг бол байгаль болон нийгмийн үзэгдэл, үйл явцын харилцан шүтэлцэх, зохицолдоот хэмнэл, жигдрэл, урлагт бол түүний тусгал болсон бүтээл гэж хэлж болох юм.

Хар – цагаан, сайн – муу, сайхан – муухай, жаргал - зовлон гэх мэт эсрэг тэсрэгийн ерөнхий үнэлэмжийн зөрчлөөр аливаа зүйлс нь хоёр хоёроор харилцан эсрэгцэхийн хамт шүтэн барилдаж нэгдээд нэгэн санааг илэрхийлэх бөгөөд энэ нь арга билгийн хослолоос үр дагавар буюу гурав дахь санааг төрүүлдэг болохын баримт юм. Мөн нэг нь нөгөөгөөсөө үүдэлтэй, хоёул эргэх холбоотой бие биеэ нөхөх боломжтой нэгдмэл ойлголт гэсэн санаа болно.

Арга билгийн ёс: Монголчуудын арга билгийн ёсны бэлгэ тэмдэг нь загас байдаг. Ертөнцийн гурван эх:

           Идээний эх цай

          Эдийн эх хадаг

          Амьтны эх загасгэсэн нь монголчуудын ертөнцийн үүслийн тухай танин мэдэхүйн шинжлэх ухааны үндэстэй мэдлэгийг харуулахын дээр эртний хүмүүс амьдрал ба хувьслын тухай бодож сэтгэх болсонтой              холбоотойгоор амьтны эх нь загас хэмээн хэлэлцэх болжээ. Энэхүү мэдлэг өнө эртнийх болохыг батлах баримт нотолгоо, монгол нутгаас олдсоор байдгийн нэг нь ордос нутгаас олдсон чулуун зэвсгийн үеийн            загасны чулуун дүрс юм. Орчлон ба амьд оршихуйн уугуул хийгээд хосмол бэлгэ тэмдгийг монголчууд ийнхүү хэлц хэллэгээрээ илэрхийлж, монгол хэлнийхээ арвин санд хадгалан ирсний нотолгоо энэ ажээ.

Монголчууд, дэлхийн хүн төрөлхтний нэгэн адил ертөнцийн юм үзэгдэл, үйл явдал, шинж чанарыг таньж мэдэх болгондоо түүнд ямар нэг үнэлэмж өгдөг.
Аливаа юм үзэгдлийн шинж чанарыг эсрэгцүүлэн ойлгож танин ухаардаг монгол сэтгэлгээний онцлогтой.

Дүгнэлт: “Ертөнцийн гурав” бол монгол үндэстний ертөнцийг танин мэдсэн мэдлэг туршлагын нэг хэсэг мөн.

“Ертөнцийн гурав”-т туссан “хүн”-ий тухай дүрслэл байгалийн юм, үзэгдлийн дүрслэлээс 3 дахин олон байна.

Монголчуудын өнгийг хүртэн мэдэрч, ялган нэрлэх онцлог нь хэл, сэтгэхүйн хүрээг хамарсан танин мэдэхүйн үйл ажиллагаа болно.

“Ертөнцийн гурав”-т аливаа юмс үзэгдлийн арга билгийн холбоо буюу эсрэг тэсрэгийн нэгдмэл шинжийг тусгасан.

Төв үзлийн онол, хоосон чанарын сургаал- “Ертөнцийн гурав”-т тодорхой туссан хэмээн дүгнэн хэлжээ.

Лекцийн хоёрдугаар хэсэгт 2019 онд өөрийн гаргасан “Монгол хэлцийн тайлбар толь” номын тухай ярьсан юм. Энэ номд орсон хэлц хэллэг нь мал аж ахуйтай холбоотой бөгөөд түүнийгээ хэрхэн яаж тайлбарласан талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн С.Энхжаргал судлаачдаа баярлалаа. Мөн лекцийг хүрэлцэн ирж сонссон Их дээд сургуулийн багш нар судлаач оюутан дүү нартаа баярлалаа. Та бүгдэд эрдэм судлалын их амжилт ерөөе.

Мэдээ бичсэн: Д.Лхагвагэрэл /ЭША/

Хүсэлт илгээх