card

“ARCHAEOLOGY RESEARCH IN MONGOLIAN DESSERT AND STEPPE ZONE

 2022.11.17

             Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвөөс санаачлан зохион байгуулдаг  “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 12 дэх хичээлийн жилийн дөрөв дэх лекц-ярилцлага 2022 оны 11 сарын 16-ны лхагва гаргийн 18:00-20:30 минутын хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУИС, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш доктор (Ph.D), дэд профессор А.Амартүвшин “Монголын говь, тал хээрийн бүсийн археологийн судалгаа” сэдвээр лекц уншин өөрийн мэдлэгээсээ өргөн дэлгэр хуваалцаж, залуу судлаачдад  тууштай байж мэдээллийн сангаас цэгцтэй мэдлэг олж авах, түүнийгээ эмх цэгцтэй олж дүгнэх хэрэгтэй хэмээн захилаа.

            Ч.Амартүвшин багшийн лекцийн агуулгыг товч хүргэвэл:

Монгол улсын газар нутаг уудам болохоор бүсчлэх, мужлах болсон. Нэгдсэн бүсчлэл байхгүй. Статистикийн (тоо бүртгэлийн) газрын хэрэглэдэг бүсчлэлийг жишээлбэл:
Баруун бүс (Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд);

 Зүүн бүс (Дорнод, Сүхбаатар, Хэнтий);

 Төвийн бүс (Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв);

Хангайн бүс (Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл);

Улаанбаатар (Улаанбаатар) гэж тав хуваасан байна.

Монголын байгалийн бүс, бүслүүр, гадаргын байдлыг харгалзан Хангай, Хэнтийн, Алтайн уулархаг, Дорнодын талархаг, Говийн гэж дөрвөн их мужид хуваадаг.
Бууц суурин ба хэрэм далан, Булш оршуулга, Хөшөө, Хадны зураг үйлдвэрлэлийн зураг гэсэн агуулгын хүрээнд ярилаа.
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уул, Дундговь аймгийн Адаацаг, Дэлгэрцогт сумын Бага газрын чулуу, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань Хар уул, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Ундайн гол хийсэн судалгааны ажиллаа ярилаа.
Судалгааны арга зүйн хувьд: хайгуул-малтлага-лабораторийн судалгаа.
Бууц суурин хэрэм далангийн хувьд: Ваар, аяганы хагархайгаас эхлээд газрын хөрс дээр байгаа эд өлгийн зүйлийг яг байгаа чигээр нь олж авах хэрэгтэй юм. Галбын говийн Мангасын хүрээ хэмээх хотын туурийг НТ I зууны үед холбогдох Хүннүгийн хот мөн болохыг баталсан. Археологийн судалгаа нь олон шинжлэх ухааны уулзвар дээр байдаг учраас олон талаас нь авч үзэж болдог. Сүүлийн үед геофизикийн салбартай илүү хамтран ажиллаж байна.
Булш оршуулга: Зүүн Монголын хүрэл зэвсгийн үед холбогдох археологийн дурсгалыг дараах байдлаар ангилна. Булш оршуулга, Хадны зураг, Бууц суурин хэмээн ангилна. Тэр дундаа булш оршуулгыг дотор нь Түрүүлгэ харуулсан оршуулгат булш, Хиргисүүр-буган хөшөө, Дөрвөлжин булш, Олон мал дагалдуулсан булш хэмээн ангилжээ.
Шоргоолжин булш нь ихэвчлэн өргөргийн дагуу сунасан байдалтай хойд болон урд талаараа хотойж нумарсан, дөрвөлжин хэлбэрийн чулуун хашлагатай байна. Хашлаганы зүүн хойд болон зүүн өмнөд талын буланд хөшөө маягийн өндөр чулуу босгодог хэдий ч он цагийн уртад газрын хэвгий даган унасан байдаг. Хашлаганы гадна болон дотор талыг чулуугаар битүү дарна. Хашлагыг хийхдээ дунджаар 0,3 х 0,5 см хэмжээтэй хавтгай чулууг үелэн өрж, дөрвөн тал нь дотогш нумарсан дөрвөлжин хашлага хийгээд түүнийгээ гадна талаас нь чулуугаар манадаг. Энэ нь өрлөгийг газрын хэвгийг даган нурахгүй байх үүднээс хийдэг байсан бололтой. Мөн зарим тохиолдолд газрын хэвгийд тааруулан, хоёр хашлаганы өндрийг ижил түвшинд байлгахаар тооцож хойд болон урд талын хашлаганы өрлөгийг харилцан адилгүй тоотой өрдөг. Үүнээс гадна зүүн талын буюу толгой талд өндөр хавтгай чулууг эгнүүлэн босгон тавихаас гадна толгой талаас арай намхан чулуугаар баруун тал буюу хөл талд мөн хашлага чулууг үйлддэг байжээ.
 Бага газрын чулуунд нийт 4 шоргоолжин булш малтан шинжлэв. Үүнд, Бага Монголын 1-р булш (Ex.07.23), Дунд Шандын амны 1-р булш (Ex08.21a), Сөдөтийн хоолойн 1-р булш (Ex.03.08); 2-р булш (Ex.04.05) тус тус багтаж байна. Эдгээр булшнууд нь уулын энгэр ээвэр болон тэгш дэвсэг газарт ганц нэгээрээ орших бөгөөд хиргисүүр, дөрвөлжин булштай хамт тохиолдохгүй харьцангуй тусдаа байна.
Олон төрөлт дараас бүхий түрүүлгэ нь харуулсан булш: Чандмань Хар уул. Чандмань Хар уул нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын төвөөс баруун тийш 12 км орчим зайд, Цагаан хад багийн төвөөс урагш 3 орчим км зайд оршино. Чандмань Хар уулын түрүүлгэ нь харуулсан оршуулгат булш нь хүнээ оршуулахдаа 60 гаруй см гүнтэй зүүн хойш, зүүн тийш хандсан нүх ухаж, амсрыг нь дагуулан хавтгай чулуу эгнүүлэн тавиад хүнээ түрүүлгэ нь харуулан ихэвчлэн тэнэгэр байдлаар тавина. Цөөн тохиолдолд гэдрэг эсвэл хажуулдуулан оршуулах ажээ. Талийгаачид мал, амьтны идээ шүүс дагалдуулах заншил цөөн буюу нийт булшны зөвхөн 16 хувийг эзэлж байна. Үүнээс оршуулгын нүхэнд 6, хашлаганы гадна 4, хашлаганы дотор 8, чигжээс чулууны доор 4, дараасны дор 3 тохиолдол бүртгэгдсэн байна. Талийгаачийг нүхэнд хийсний дараа толгой, цээж, хөл талд нь нимгэн хавтгай чулуугаар таг хийдэг байсан байна. Нийт малтан шинжилсэн булшны 15 хувь буюу 26 булшнаас ямар нэгэн хэмжээний олдвор хэрэглэгдэхүүний зүйлс гарчээ. Үүнд, алтан ээмэг, цагаан өнгийн шавар сувс, шавар хүлс, чулуун эдлэл зэрэг зүйлс багтаж байна.
Монголын хүрэл зэвсгийн үеийн дурсгалын томоохон төлөөлөл бол дөрвөлжин булш юм. Тархалтын зүүн хязгаар нь Далай нуураас Шилка голын дунд урсгал, Халхын гол, Хянганы нурууны баруун бэлээр, өмнөд хязгаар нь мэдээлэл хомс байдлаас болж төдий л тод бус боловч Нань-Шань уулын хойд биеэс Инь-Шань уулын хойд бэл хүртэл, цаашдаа Монгол улсын хилийн шугамын дагуу үргэлжилнэ. Баруун хязгаар нь Их нууруудын хотгор, Говийн Алтайн баруун биеэр, хойд хязгаар нь Хөвсгөл нуурын хойд зах, Зэд голын хөндий, Хамар давааны урд бэл, Улаан-Үд хотын хойгуур Сэлэнгэ мөрний хөндийг оруулан Шилка гол хүрдэг. Дөрвөлжин булш нь байгалийн чулуу хадтай ойролцоо, ноёлог өндөр газар, уулын ам, онь хөтөл зэрэг өвөрмөц тогтоцтой газар, уулын өвөр бэл, тэгш талд оршдог. Мөн дөрвөлжин булш нь хоёр гурваараа бүлэглэхээс гадна хэдэн зуу хүртэл тоотой оршуулгын цогцолбор болон орших нь бий. Ихэнх тохиолдолд уртраг өргөргийн дагуу эгнэн байрлана. Мөн хиргисүүртэй янз бүрийн байдлаар зэрэгцэн оршдог тохиолдол олон бий. Дөрвөлжин булш нь хавтгай чулууг хайргалан зоож хийсэн хайрцаг, хашлага мэт харагдах онцлогтой бөгөөд хашлагийн дотор талд битүү чигжээс хийх төдийгүй гадна талаар нь тойруулж чулуугаар манасан байдаг.
Гадаад зохион байгуулалт нь дөрвөн буландаа босоо чулуутай, дөрвөн талын хашлага жигд намхан, бүх талын хашлага онцгой өндөр байх гээд хэд хэдэн төрөл байдаг. Энэхүү гадаад зохион байгуулалтын ялгамжтай талууд нь он цаг, бүс нутаг, нийгмийн зэрэг зиндаа гээд олон хүчин зүйлээс хамааралтай юм. Хашлаганы дотор байх таг болон чигжээс чулууны дор оршуулгын нүх байх бөгөөд талийгаачийг зүүн, зүүн хойш, урагш хандуулан дээш харуулан тэнэгэр байдалтай тавьсан байдаг. Мөн зарим цөөн тохиолдолд оршуулгын нүхэнд хашлага чулуу буюу чулуун авсанд хүнээ оршуулсан нь бий. Оршуулгын гүн газар зүйн байршил, гадаад зохион байгуулалттай уялдан харилцан адилгүй байх хэдий ч дунджаар 50-150 см гүнтэй байна. Дөрвөлжин булшны оршуулгын зан үйлийн нэгэн тогтсон хэв маяг бол талийгаачид эд өлгийн зүйлс дагалдуулах ёс юм. Уг булшны ихэнх нь эрт цагт тоногдон сүйтгэгдсэн байдаг ч зэр зэвсэг, аж ахуй, гоёл чимэглэл, малын тоног хэрэгсэл зэрэг бүлэг зүйлийн олдвор хэрэглэгдэхүүн илэрсэн байна.
Өвөр Байгалын зүүн хэсэг, Монголын Хангай, Хэнтийн нурууны салбар уулс, Сүхбаатар, Дорноговь, Хэнтий, Дундговийн тал хээр, говийн бүс нутгаар тархсан хожуу хүрэл болон түрүү төмрийн үед холбогдох олон мал дагалдуулсан чулуун байгууламж бий. Монгол улсын Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Баянхонгор, Архангай, Орхон зэрэг 8 аймгийн нутагт малтан шинжилсэн 22 дурсгал болно. Эдгээр дурсгалын малтлагын үр дүнг Өвөр Байгалын зүүн хэсэг буюу одоогийн ОХУ-ын БН Буриад улсын Чита мужийн нутаг Ингод голын хөндийд малтан шинжилсэн Александровк, Жигуржинк, Булаг зэрэг газрын дурсгалуудтай харьцуулан авч үзсэн бөгөөд мөн Монголын 11 дурсгалын радиокарбоны үнэмлэхүй он цагууд чухал эх хэрэглэгдэхүүн болсон. 
Судлаачид Монгол оронд малтан шинжилсэн олон малын ястай 19 дурсгалыг түрүүлгэ нь харуулсан оршуулгат булш, дөрвөлжин булш болон Өвөр Байгалын зүүн хэсэгт малтан судалсан Дворцовын соёлын дурсгалуудтай харьцуулан судалж эхлээд байгаа юм.
Мөн судлаачид энэхүү дурсгал нь гадаад, дотоод бүтэц зохион байгуулалт болон оршуулга, тахилгын зан үйл, эд өлгийн зүйлс зэргээрээ Дворцовын соёлын дурсгалаас эрс ялгаатай зүйл ажигладахгүй байгаа бөгөөд уг дурсгалыг үүрэг, зориулалтын хувьд оршуулга ба тахилгын байгууламж хэмээн ангилж, Дворцов хэлбэрийн дурсгал хэмээн нэрлэх саналтай байгаа юм байна.  Тус дурсгал нь одоогоор Өвөр Байгалын зүүн урд хэсгээс Сүхбаатар аймгийн баруун хэсэг, Дорноговийн зүүн хойд хэсэг, Дундговийн зүүн хэсэг, Баянхонгорын хойд хэсэг, Архангай төв хэсэг гэсэн байгаль газар зүйн өөрөөр бүсэд буюу хангай, тал, хээр, говийн бүс нутгийг хамран тархсан байна. Мөн булшны эздэд бог, бод малын дал дагалдуулах ёс болон улаан зос цацах ёс зэрэг нь дөрвөлжин булшны оршуулгын зан үйлүүдтэй их төстэй байгаа нь дөрвөлжин булшны соёлын нөлөө хүчтэй нөлөөлж эхэлсэн бололтой. Олон тооны бог, бод малын зүлдээр тахилга өргөх нь хожуу хүрэл болон түрүү төмрийн дурсгалууд дотор ховор тохиолдох өвөрмөц зан үйл бөгөөд энэ нь хожмын хүннү нарын оршуулгын зан үйлд уламжлагдсан бололтой. Энэхүү дурсгалын холбогдох он цагийг ерөнхийд нь хожуу хүрлээс түрүү төмрийн үе буюу НТӨ 900-400 он хэмээн үзэж болохоор байна.
Хөшөө: Монгол гүрний үеийн хүн чулуун хөшөөний ихэнхи нь Монголын зүүн өмнөд хэсгээр оршино. Сүүлийн үеийн судалгаагаар ийм төрлийн хүн чулуун хөшөө манай улсын хилээс урагш БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутгаар байгаа болох нь тогтоогдоод байна. Одоогоор Монгол улсын нутаг дэвсгэрээс 8 аймгийн, 18 сумын нутагт 78 тооны хүн чулуу бүртгэгдээд байна.
Судлаачид Донгойн ширээн гэрэлт хөшөө бүхий дурсгалыг 735-745 онд Түрэгийн хожуу хаант улсын үеийн хааны дараа орох ихэс язгууртанд зориулж байгуулсан хэмээх саналыг дэвшүүлсэн. Үүнээс гадна эл бичээс нь VII зууны эхэн хагасын Түрэг улсын зүүн жигүүрийн улс төрийн бүлгүүд, Хятан, Татаби, Татар зэрэг монгол хэлтэн гэгддэг аймгууд буюу Монголын дорнод нутгаар нутаглаж байсан Татарын түүхийг судлах чухал баримт болно хэмээн үзжээ. 
Хадны зураг: “Хадны зураг” гэдэг бол тухайн үеийн хүмүүсийн туулан өнгөрүүлсэн түүх, өрнөж буй амьдрал, хүсэл мөрөөдлийг агуулсан нэгэн ёсны түүхэн сурвалж мөн юм. Монгол орон хадны зургийн дурсгалаараа дэлхийд нэн баялагт тооцогддог бөгөөд тэртээх 1870-аад оны дунд үеэс эхлэн өнөөдрийг хүртэл 130 гаруй жил судалгаа үргэлжилж байна. Энэ хугацаанд хэдэн зуун өгүүлэл, ном бүтээл нийтлэгдсэн ба одоогоор нийт 500 орчим дурсгалт газар их бага хэмжээгээр судалгааны эргэлтэнд оржээ. Монголын хадны зургийн судалгааг ерөнхийд нь дөрвөн үед буюу бүртгэн мэдээлэх судалгаа, эхэн үе, дунд үе, өнөө үеийн судалгаа хэмээн хуваан авч үздэг.
Монгол орны хадны зураг урлалыг дэлхий дахинаа таниулсан алдартай дурсгалуудад Хойд Цэнхэрийн агуйн зосон зураг, Тэвш уул, Цагаан гол, Тайхар чулуу, Их Тэнгэрийн ам, Тольжгий боом, Рашаан хад, Чандмань хар үзүүр, Цамбагаравын хар хад, Ямаан усны хавцал, Хүүхдийн овоо, Модтой толгой, Зураагийн улаан хад, Чулуут гол, Ишгэн толгой, Баянлигийн Бичигт хад зэргийг нэрлэж болно.
Хадны зургийг дүрслэх арга барилаар нь: Улаан зосоор зурсан, Хадыг хонхойлон цоолборлосон, Хурц үзүүртэй багажаар зурсан, Хар бэхээр зурсан хэмээн ангилна.
Түрүү хүрлийн үеийн зургуудад Архангайн Чулуут гол, Монгол Алтайн нуруугаар тархсан Хэмцэгийн соёлын хүн, нүүрний баг, ан амьтад, дүрс, тэмдгүүдийн дүрслэл, говийн бүс нутгаар тархсан хүний нүүрний багны дүрслэлүүд зэргийг дурдаж болно.
Хөгжингүй ба хожуу хүрлийн үеийн хадны зургийн гол дүрүүдэд ерөнхийдөө зэрлэг ан амьтад (өвсөн тэжээлт болон махан идэшт) зонхилдог. Өвсөн тэжээлт амьтдад янгир, аргаль, адуу, буга, гахай, шувуу, туулай зэрэг амьтад, махан идэшт амьтдад ихэвчлэн мийгийн овгийн амьтад, чоно, нохой зэрэг байна. Эдгээр гол дүрүүдийн амьтдыг хаднаа дүрслэхээс гадна шүтлэг бишрэлийн холбогдолтой зүйлс, гоёл чимэглэл, дээл хувцас, бүсний чимэглэл, адуу малын тоног хэрэгсэл, тэрэгний эд анги, толь, сав суулга болон зэр зэвсэг зэрэг дээр хоёр болон гурван хэмжээст байдлаар урласан байдаг.
Эртний үйлдвэрлэлийн дурсгалт газар: Шинэ металл болох хүрэл нь зэсээс хэд хэдэн давуу талтай байлаа. Юуны түрүүнд зэсийг бодвол хүрэл нь бага хэмийн халуунд хайлдаг. Зэс 1084 хэмд хайлдаг байсан бол, хүрэл 700-900 хэмд хайлдаг. Зэсээр хийсэн багаж зэвсэг хурдан мохож мөлийж элэгддэг бол хүрэл зэвсгүүд харьцангуй удаан элэгддэг байна. НТӨ 5500 оноос НТӨ 5000 оны хооронд зэс хайлуулах хамгийн эртний нотолгоог Сербийн Плочник, Беловоде хотоос олжээ. Туркийн Кан Хасан хотоос олдсон, манай эриний өмнөх 5000 онд хамаарах, нэгэн цагт хамгийн эртний нотлох баримт гэж үздэг бөмбөлөг толгой нь одоо уугуул зэсээр цохисон бололтой. Зэсийг цагаан тугалга ба/эсвэл хүнцэлтэй зөв харьцаатай хослуулснаар зэсээс хатуу хайлш болох хүрэл гаргаж авдаг. Анхны зэс / хүнцэл хүрэл нь НТӨ 4200 онд Бага Азиас гаралтай хэмээн үздэг.
Монголын  төмөрлөг хайлуулалтын “Бух дарах” гэдэг нь уулын салхи байнга их үлээдэг онь хөтөл (дөрөлж) дээр амсрыг нь салхин өөд харуулсан зуух барьж сайн шатах илчит түлш хийж хайлах хүдрээ түлшин дээр овоолж гал оруулан салхиар үлээлгэн төмрийн хайлш тунгаах арга юм..
Хиймэл үлээгүүр-салхилуурын аргаар гал залийг бадраан хүдэр тунгаах, төмөрлөг, төмрийг улайтган хайлуулах, ширээх хэрэгслийн хэлбэр байдлын нэрийдэл бөгөөд Монголын төмөрлөг боловсруулалтын хөгжлийн янз янзын үе шатанд ажлын хэмжээ байдлын нь эрхшээлээр удаа дараагаар үүсэн хэрэглэгдсээр байсан байдалтай байна.
Эцэст нь хэлэхэд археологийн судалгаа бол нэг хүний ажил биш хамтын ажил байдаг билээ. Тийм учраас энэ бол миний судалгаа бус бидний үр дүн юм аа. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Ч.Амартүвшин багшдаа баярлалаа. Мөн лекцийг хүрэлцэн ирж сонссон магистрын түвшний оюутнууд болон хөтөлбөрт хамрагдаж байгаа судлаач оюутнууддаа баярлалаа. Эрдэм судлалын их амжилт ерөөе.

Хүсэлт илгээх