card

"Research methods"

Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн хоёр дугаар лекц-ярилцлага 2021 оны 11-р сарын 17-ы лхагва гаргийн 18:05-19:40 цагийн хооронд АМТ-д амжилттай боллоо.

            Лекц-ярилцлагын зочноор МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор, түүхийн ухааны доктор Ц.Баттулга оролцож, “Судалгааны арга зүй” сэдвээр лекц уншлаа. Ц. Баттулга багшийн лекцийн агуулгыг товчлон хүргэвэл,

Судлаач болох хүн өөрийн мэдлэгийн хэмжээг мэддэг байх нь ихээхэн чухал. Мэдлэгийг сонссон мэдлэг, таньсан мэдлэг, илтэд таньсан мэдлэг хэмээн уламжлалт байдлаар ангилж болно. Ямар нэгэн зүйлийн талаар сонсож мэдлэгтэй болж болох ч сонссон бүхэн үнэн биш. Сонссон бүхэн хадны цуурай шиг хийсвэр хоосон байдаг. Таньсан бүхэн үнэн биш ч зөв таньсан бүхэн үнэн байдаг. Илт таньсан мэдлэгийг алив зүйлийн талаар задлан шинжилж, уг юмыг тайлбарласан хэрэг хэмээн ойлгож болно.

 Мэдээллийн үерт автаж мэдлэгийн үнэнээр цангаж буй өнөө үед зөв таньсан мэдлэг хамгаас чухал юм. Бид тэнгэрт татсан солонгыг бурхны ид шид хэмээн тайлбарлаж болох ч яг үнэндээ байгалийн үзэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны хийморь доройтсон байна гэдэг нь шинжлэх ухааны үнэн биш сэтгэлийн зүйл.

Аливаа судалгааг хийхдээ шалгаан үр дагаврын хүрээнд үнэн худлыг авч үзэж, магадлалын онолоор шинжлэн үзэх нь зүй. Шинжлэх ухаанчаар алив зүйлийг тайлбарлах хэрэгтэй болбол математик зүй тогтол, хуулийг ашиглах хэрэгтэй.

Санаа зөв боловч арга буруу бол судалгааны ажил ахиж дэвшихгүй. Арга нь зөв ч санаа буруу бол мөн адил. Санаа хийгээд арга зөв бол судалгааны ажил үр дүнтэй байна. Уулыг давж болно гэхдээ хаагуур яаж давах вэ гэдэг чухал. Усыг гаталж болох ч хэрхэн яаж гатлах вэ гэдэг чухал. Үүнтэй ижил эрдмийг хичээн суралцаж болох ч чухам ямар аргаар судлах нь туйлаас чухал. Аргаа олохгүй бол судалгааны ажлын үр дүн гарахад бэрхтэй.

 Тухайн зүйлийг хийхдээ алив санааны зүйлийн зөв бурууг бод. Эхлэл дараалал  бүтцийн талаар сайтар бодож үз. Дэс дараатай, эрэмбэтэйгээр алив зүйлийг хийх нь чухаг. Шинжлэх ухаан тогтсон дараалалтай зүйл учир системтэй, эрэмбэ дараалалтай бай.

Таны судалгааны ажил бусдад таалагдах эсэх нь тийм ч чухал биш. Хамгийн гол нь таны судалгаа шинжлэх ухааны арга зүйд нийцсэн байх хэрэгтэй. Сэдэв бүрд таарах судалгааны арга байхгүй ч, сэдэвт хамаарах арга заавал байна. Тиймээс ерөнхийгөөс тусгайг ялгаж, тусгайгаас ерөнхийг ялгаж сурах нь туйлаас чухал. Судалгааны сэдвээ тогтоон оноож чадахгүй байгаа нь ерөнхий, тусгай хоёрыг ялгахгүй байгаатай холбоотой.

Судалгаа хийхдээ нэгтгэснийг салгаж, салгасныг нэгтгэж сурах чухал. Аливаа асуудлыг гурван талаас харж сурах нь чухал.

Хэл, түүх, соёл. Өөрөөр хэлбэл нэг талаас авч үзвэл хэл нь соёлтой, соёл нь угсаа гаралтай угсаа гарал нь түүхтэй, нөгөө талаас авч үзвэл түүх нь угсаа гаралтай, угсаа гарал нь соёлтой, соёл нь хэлбичигтэй шууд хамааралтай бие биесээс ангид үл орших, нэгдмэл зүйл мөн.

Эдгээр нь бүгд дэлхийн олон угсаатан, хэлтнээс ялгарах онцлог цөм нь бөгөөд уг цөмийн үүсэл, бүрдэл, мандал буурал бол түүний түүх мөн.

Нэгэн зүйлийг бүрдүүлэгч элементийн нэгдэл буюу цөм тул салгаж үл болно, тасалж ч үл болно. Тиймээс энэ чиглэлийн судалгааг цогц хийх хэрэгтэй. Гэвч салгахгүйгээр, таслахгүйгээр мөн чанарыг бүрэн таньж үл чадна.  Тиймээс салангидыг нэгтгэж, нэгдмэлийг салгах нь түүний мөн чанарыг танихад тустай.

Судалгаанд сурвалж ихээхэн чухал. Судалгаа сурвалжгүй бол үлгэр домогтой ижил. Сурвалж, эх хэрэглэгдэхүүний мэдээ баримтыг хэрхэн зөв таньж аргазүйгээр боловсруулснаас судалгааны ажлын үнэ цэн хамаарна. Эш онолгүй зүйл, Энэ ертөнцөд үгүй, Эш онолгүйгээр, Эгэл навчны ногоон өнгө шарлахын шалтгааныг тайлж үл чадах. 

Сурвалжийг ерөнхийд нь тулгуур буюу эх сурвалж, холбогдох сурвалж, дам холбогдох сурвалж хэмээн гурван хувааж судалгаандаа ашиглах нь аливаа баримт эх хэрэглэгдэхүүнийг зөв дэс дараатай, логик холбоо хамааралтай авч судлах боломжийг бүрдүүлнэ.

Судалгаа гэдэг бол нэг талаас “сурвалж”-д тулгуурлан оюун ухааныхаа цар хэмжээгээр шинэ үзэл, шинэ санааг дэвшүүлж түүнийгээ бусад судалгааны бүтээлтэй харьцуулж баталсан логик дараалалтай, системтэй бичсэн бичиглэл чухал.

Нөгөө талаас судалгаа нь бусдын үзэж судалсныг эхэлж дурдаад дараа нь өөрийнхөө санааг эмх цэгцтэй, товч тодорхой дэвшүүлдэг нэгэн зүйл бичиглэл юм.

Тухайн сэдвийн хүрээнд тодорхой ахиц дэвшил гаргасан, шинэ санаа дэвшүүлсэн эсвээс өмнөх эрдэмтэн судлаачдын судалгааны алдаа, эндүүрлийг засаж залруулсан бол уг бичиглэл судалгааны ажил, зэрэг горилсон зохиол тооцогдоно.

Шинэ санаа дэвшүүлээгүй ч ядаж тухайн сэдвийн хүрээнд олон нийтэд зөв тодорхой мэдээлэл хүргэсэн, зарим алдаа мадагтай ойлголтыг засаж залруулан, нарийвчлан авч үзвэл мөн судалгааны ажилд тооцогдоно.

Судалгааны ажил бичих хамгийн түгээмэл бөгөөд харьцангуй оновчтой арга бол сэдвийнхээ бүлэг зүйл тус бүрд хамаарах онолын номын эшлэл хийгээд эх хэрэглэгдэхүүн, сурвалжийн мэдээ баримтыг түүхэн он цагийн дарааллаар буюу цуваа цагийн хүрээнд авч үзэхээр жагсаан бичих. Чингэхдээ ном зүйг үнэн зөв хийхийг ихэд анхаарах.

Ном зүйд баримтлах цор ганц дүрэм бий. Ном зүйг хэзээ ч буруу бүү хий. Номын зохиогч, хэвлэсэн он, зохиогчийг хэзээ ч бүү март.

Судалгааны ажлын тэргүүнд судалгааны тоймыг бичих нь чухал. Судалгааны тоймыг гаргаснаар уг сэдвийг хэдэн оноос эхлэн хэн ямар арга маягаар судалж ирснийг тодорхой байдлаар мэдэх боломжтой.

Судалгааны тоймгүй бичсэн эрдэм шинжилгээний ажил эцэг эхийг нь орхиод зөвхөн хүүгийнх нь тухай өгүүлсэнтэй адил. Тиймээс судалгааны ажлын тоймыг бичих нь чухал.

Лекцийн дараагийн хэсэгт хүрэлцэн ирсэн оюутан залуус, багш нар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан Ц. Баттулга багшдаа эрүүл энхийг хүсэж, эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье. Лекцэд идэвхийлэн хамрагдсан судлаач оюутнууддаа талархал илэрхийлье.

           

 

Хүсэлт илгээх