"THE PROBLEM OF KNOWLEDGE CLASSIFICATION IN MODERN EPISTEMOLOGY"
Антоон Мостаэрт Монгол Судлалын Төв санаачлан зохион байгуулдаг “Оюутан судлаач” тэтгэлэгт хөтөлбөрийн 11 дэх хичээлийн жилийн анхны лекц-ярилцлага 2021 оны 11-р сарын 10-ы лхагва гаргийн 18:05-19:40 цагийн хооронд АМТ-д амжилттай боллоо.
Лекц-ярилцлагын зочноор МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн профессор, философийн ухааны доктор Момолын Отгонбаяр оролцож, “Орчин үеийн эпистемологи дахь мэдлэгийн ангиллын асуудал” сэдвээр лекц уншлаа.
Лекцэд философийн онолын салбар болох эпистемологи (танин мэдэхүйн онол)-д мэдлэгийг хэрхэн ангилан үздэг вэ, мэдлэгийг ангилан авч үзэх оролдлого туршлага хаанаас эхэлсэн болоод түүхэн цаг хугацаанд сэтгэгчид ямар ямар үзэл онол дэвшүүлж байсныг танилцуулан, ярилцлаа.
М. Отгонбаяр багшийн лекцийн агуулгыг товчлон хүргэвэл,
Онолын үүднээс мэдлэгийг авч үзэн, ангилахын тулд юуны өмнө мэдлэг гэж юу болох талаар мэдэх хэрэгтэй. Мэдлэг бол шилэгдэж шигшигдсэн, эмхэрч цэгцэрсэн, тодорхой аргуудын тусламжтайгаар олж авсан, тодорхой шалгуурт тохирч хэлбэржсэн, мөн нийгмийн шинжтэй, тодорхой мэргэжлийн байгууллага, нийгэмлэг (community) хүлээн зөвшөөрсөн мэдээлэл мөн. Мэдлэг, танин мэдэхүй бол гайхах, эргэлзэхээс эхэлдэг, асуултаас эхэлж, танин мэдэхүйн үр дүнд олж авдаг тэр зүйл юм.
Бид мэдлэгээ хэрхэн ямар замаар олж авдаг вэ? асуудал урган гарна. Зарим мэдлэг туршлагатай огт холбоо хамааралгүй байдаг. Жишээ нь 2*2=4 гэж хэлэх “Энэ самбар цагаан өнгөтэй” гэж хэлэх нь хоёр өөр. Туршлагын мэдлэг буюу таван сенсээр дамжуулан олж авч буй мэдлэг бол мэдрэхүйн мэдлэг. Сонгодог үеийн энэ үзлийг “Оюун ухааны хувингийн онол” гэдэг. Гэтэл зарим мэдлэг бол туршлагтай огт хамаагүй, түүнээс өмнөх шинжтэй байдаг.
Ренэ Декарт скептик үзэл хандлага дэвшүүлжээ. Жишээ нь: “би алим харж байна” гэвэл миний харж буй тэр зүйл алим алим мөн үү, эсвэл алимны толинд туссан тусгал уу, эсвэл алимыг дууриалган хийсэн лааны тосон үзмэр үү, эсвэл би галлюцинацид ороод надад алим харагдаад байгаа юу гэдгийг ялгах хэрэгтэй. Тэрээр cogito ergo sum буюу өөрийн эргэлзэж буйд л эргэлздэггүй, бусад бүхий л зүйлд эргэлзэх хэрэгтэй гэсэн. Туршлагыг биш оюун ухааныг голчлон авч үздэг учир Декартыг рационалист гэдэг.
Харин Ф. Бекон бол туршлагын байгалийн шинжээч бөгөөд индукцийн аргыг чухалчилсан. Бидний оюун ухаан бол цэвэр самбар tabula rasa мөн, цэвэр самбар дээр туршлагын замаар орж ирсэн зүйлс бичигддэг гэсэн. Шинэ үеийн философид мэдлэгийн эх сурвалжийн асуудалд ийм ялгаатай хоёр хандлага гарч ирсэн байдгийг рационализм ба эмпиризм, сонгодог фундаментализм гэдэг.
Энэ асуудалд германы философич И. Кант өөрийн үзлийг дэвшүүлснээрээ эпистемологид Коперникийн эргэлт хийсэн юм. Тэрээр мэдлэгийг априор болон апостриор гэж ангилсан байна. И. Кант зайлшгүй болоод түгээмэл шинжтэй, туршлагаас өмнө байдаг мэдлэгийг априори, цэвэр мэдлэг гэсэн бөгөөд туршлагын дараах, түүнтэй холбоо бүхий мэдлэгийг апистриор мэдлэг хэмээсэн юм.
Мэдлэгийн ангиллын асуудал. Эртний Грекийн философич Аристотель мэдлэгийг ангилан үзсэн байна. Тэрээр хүний үйл, хандлагыг онол (theory), хийх-практик (praxis), ур урлал (techne) гэж гурван бүл болгон үзсэн байна. Онолыг дотор нь натурфилософи, математик, метафизик хэмээн гурав ангилсан юм. Натурфилософийн ард туршлагын байгаль шинжлэл, математикын ард формаль ухаануудыг багтаан үзсэн болно. Харин метафизикийн ард философийг авч үзжээ.
Мэдлэгийг ангилах олон хандлага байдаг. Мэдлэгийг ердийн мэдлэг болон онолын мэдлэг гэж хоёр түвшинд хуваан үзэж болно. Ердийн мэдлэг бол эрүүл ухаантай хүн бүр өдөр тутмын амьдралын явцад аяндаа олж авах мэдлэгийг хэлдэг. Гэхдээ ердийн мэдлэг нь перцепцээс ялгаатай байна.
Хамгийн энгийн асуулт тавихад ердийн мэдлэг хүчин мөхсөддөг. Ердийн мэдлэг энгийн асуултад дуусгавар болж, онолын мэдлэг эдгээр асуултад тайлбарлал өгөх хэрэгсэл болдог юм. Юмс яагаад доош унадаг тухай таталцлын хуулийн тухай ойлголт байхгүй байхад янз янзаар хариулдаг байж л дээ. Жишээ нь Аристотель юмс эх байрлал руугаа тэмүүлдэг гэх метафизик хариулт өгсөн бол, умард Америкийн уугуул иргэд газрын дор юмыг өөртөө татдаг нэгэн зүйл байдаг тухай домгийн тайлбар өгсөн байдаг.
Онолын мэдлэг нь эмхэрч цэгцэрсэн, төрөлжсөн, тодорхой мэргэжлийн байгууллага, институт хүлээн зөвшөөрсөн, бичгийн гэх мэт шинжтэй байдаг. Онолын мэдлэгийг бас олон янзаар ангилж болохоос юуны өмнө шинжлэх ухаан (science), урлаг (liberal art) хэмээн хоёр ангилдаг.
Шинжлэх ухааныг дотоодод нь формаль болон эксперименталь шинжлэх ухаан гэж хоёр ангилна. Формаль шинжлэх ухаан нь эртний Грект үүссэн бөгөөд математик, геометр, логик гурвыг хамруулан үздэг. Эдгээрт хэлбэрийн зөв байдал ихээхэн чухал бөгөөд агуулгыг тухайлан хамаардаггүй. И. Ньютон сонгодог механикийн онолыг гаргаж ирэхдээ математикийг онолын хэл болгон ашигласан. Шинжлэх ухааны онолын тайлбарлалын хэл нь математик байна. Эксперименталь шинжлэх ухаанд тоолж, хэмжиж болох зүйлсийг авч үзэж, туршин шалгаж үнэнийг нотолж байдаг.
Шинжлэх ухаан нь урьдчилан хэлэх боломжтой байдаг. Урьдчилан хэлэх боломжтой эсэхээс нь шинжлэх ухаан уу, урлаг уу гэдгийг хэлж болно.
Шинжлэх ухаанд судалгааны объект нь хүнээс хамааралгүй байдаг бол урлагт судалгааны судлагдахуун, тайлбарлал нь тухайн хүний хэн гэдгээс хамаарч байдаг.
Урлагт хүнтэй холбоотой олон зүйлсийг авч үздэг. Хүмүүнлэгийн ухаан нь субъектийн үнэлэмжээс ихээхэн хамаарч байдаг, үнэлэмжийн мэдлэг юм. Энэхүү талбарын тайлбарлалын хэрэгсэл, хэл нь философийн концепциуд байдаг. Шинжлэх ухааны мэдлэг нь түгээмэл, зайлшгүй шинжтэй. Монголын математик, оросын математик, хятадын хими гэж байдаггүй. Харин монголын уран зохиол, монголчуудын шүтлэг, монгол ардын урлаг гэх мэт байна.
Ямар мэдлэг хүн, нийгмийн сайн сайхны төлөө чиглэж байдаг. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн идеаль бол шинэ мэдлэг олж авах, үнэнийг эрхэмлэх явдал боловч, тэр мэдлэг нь хүний болон нийгмийн сайн сайхны төлөө зориулагдах ёстой.
Үнэний асуудал. Үнэнийг мэдлэгийн төрлүүдэд ялгаатай авч үзнэ. Үнэн нь голчлон шинжлэх ухааны мэдлэгт хамааралтай байна. Урлагт өөрийн үндэслэгээг хэр сайн нотолж буйг авч үзэх бөгөөд тухайн үзэл санааг яг л тэр чигээр нь дамжуулан түгээх чухал.
Судлаач хүнд хэл ихээхэн чухал. Онолын мэдлэгийн нэг чухал онцлог бол категорилаг мэдлэг, категорийн аппараттай. Тэр категорийг онолын хэлийг эзэмших нь чухал.
Орчуулгын тухай. Онолын орчуулга, онолын ном бүтээл орчуулахдаа категорийг орчуулахаас өмнө зохиол бүтээлийн үзэл, концепцийг ойлгох нь чухал. Тухайлбал, Бовуарын “Дайвар хүйстэн” бүтээлийг орчуулахад экзистенциалист философийн категори ойлголтуудыг мэдэж байж л орчуулна. Витгенштейний “Логик философийн трактат” бүтээлийг орчуулахад символик логикийн онолын нэр томъёонуудыг ойлгосон үндсэн дээр л орчуулна гэж бодож байна.
Лекцийн дараагийн хэсэгт хүрэлцэн ирсэн оюутан залуус, багш нар сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.
Бидний урилгыг хүлээн авч, сонирхолтой сайхан лекц уншсан М. Отгонбаяр багшдаа эрүүл энхийг хүсэж, эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсье. Лекцэд идэвхийлэн хамрагдсан судлаач оюутнууддаа талархал илэрхийлье.